Сергей Шойгу: ОХУ Бээжинг дэмжсээр байна

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И өчигдөр (2026.02.01) ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай Бээжин хотод уулзжээ. Тэд энэхүү уулзалтыг хоёр орны харилцаанд “шинэ зам” нээж чадна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Хятад болон Орос улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа, дипломат харилцаагаа эрчимжүүлж байгаа. Тэр дундаа 2022 оны эхээр Орос улс  Украинд халдсанаас хойш стратегийн түншлэл нь улам бүр ойртсон байна. Гадаад хэргийн сайд Ван И аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай уулзаж, “стратегийн харилцаа холбоо”-ны талаар ярилцсан гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэж байна. Энэ хүрээнд Ван И Хятад, Орос улс “эмх замбараагүй байдал”-ын үед олон талт байдлыг дэмжиж, “тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг дэмжих”-ийн төлөө хамтран ажиллах ёстой гэж Шойгуд хэлсэн байна.

Мөн Хятад улс Оростой хамтран “стратегийн зохицуулалтыг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ онд шинэ замаар хөтлөхөд” бэлэн байна гэж Ван И мэдэгджээ.

Энэхүү уулзалт нь АНУ-ын албаныхан Украин дахь дайныг дуусгахад ахиц дэвшил гарч байгаа гэж мэдэгдсэнтэй давхцаж байна. Оросын эдийн засгийн салбарын өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын албаныхантай уулзахаар Флорида руу явсан юм. Хятадын хувьд Орос, Украины асуудалд дундын баримталдаг бөгөөд аль ч талд илүү тусламж үзүүлээгүй гэж мэдэгддэг. Гэхдээ Хятад, Оросын улс төрийн ойр байдал нь барууны анхаарлыг татдаг бөгөөд Бээжинг дайныг шийдвэрлэх хүч гэж үздэг билээ.

Түүнчлэн Шойгу уулзалтын үеэр Ван Ид “Москва Тайванийн асуудлаар Бээжинг дэмжсээр байна” гэж хэлсэн талаар Оросын төрийн мэдлийн Тасс агентлаг мэдээлсэн байна.

Хятад улс ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Бээжин Тайваньд Хонконгтой төстэй “нэг улс, хоёр систем” загварыг санал болгосон боловч Тайванийн томоохон улс төрийн нам үүнийг дэмждэггүй. Орос улс Тайванийн тусгаар тогтнолыг ямар ч хэлбэрээр эсэргүүцэж, арлыг Хятадын салшгүй хэсэг гэж үздэг гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. “Хорон санаатнууд Тайванийн хоолой дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлсээр байгааг бид харж байна. Бидний хувьд Тайванийн асуудлаар Бээжинг тууштай дэмжиж байгаагаа дахин нотлохыг хүсч байна” гэж Шойгу мэдэгдсэн байна. Мөн “Бид БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар гэсэн баримтаас үндэслэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн