Оросын дронууд Украины боомтыг чиглэн Хар тэнгист явж байсан хоёр хөлөг онгоцонд цохилт өгчээ. Эдгээр хоёр хөлгийн нэг нь Хятадын эзэмшлийнх байсныг Даваа гаригт /2026.05.18/ мэдээллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр Хятадыг зорьж буй. Гэтэл энэ чухал үед ийнхүү Хятадын хөлөгт цохилт өгсөн хэрэг гарч байна.
Хоёр хөлөг онгоцны нэг нь Маршаллын арлуудын далбаатай, нөгөөх нь Гвиней-Бисаугийн далбаатай байжээ. Мөн хоёр онгоц хоёулаа Одесса боомтыг чиглэн явж байсан.
Маршаллын арлуудын далбаатай “KSL Deyang” хөлөг нь Хятадын эзэмшлийн карго тээврийн онгоц юм. Украины тэнгисийн цэргийнхэн тус онгоцны нэг тал нь шатсан байдалтай гэрэл зургийг цахим хуудсандаа нийтэлжээ. Тус хөлгийн багийнхан бүгд хятад хүмүүс байсан, гэхдээ хэн ч бэртэж гэмтээгүй байна. Тухайн үед хөлөг ачаа тээвэрлээгүй байсан бөгөөд Одесса мужийн Пивденный боомтоос төмрийн хүдэр ачихаар явж байжээ.
ОХУ дайны дөрвөн жилийн хугацаанд Одесса боомтын ойролцоо явж буй иргэний хөлөг онгоцуудад олон удаа цохилт өгч байв. Хятадын хөлөгт цохилт өгсөн тохиолдлын тухайд Зеленский хэлэхдээ “Оросууд далайд ямар хөлөг явж байгааг мэдээгүй байх боломжгүй” гэсэн юм.