Хятадын Коммунист намын ХХ удаагийн Төв хорооны IV бүгд хурлын үзэл санааг тусгайлан танилцуулах хурал Улаанбаатар хотноо өнөөдөр /2026.01.30/ боллоо. Тус хуралд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон Хятадын Коммунист намын Төв хорооны Төв, төрийн байгууллагын ажлын хорооны гүйцэтгэх дэд нарийн бичгийн дарга Гуо Вэньчи нар оролцож, Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөв.
15 дахь таван жилийн төлөвлөгөөний хүрээнд Хятадын Коммунист нам дараах долоон гол зорилгыг тавьж байгаа аж:
- Чанартай хөгжлийг илүү өндөр түвшинд гаргах
- Технологийн бие даасан байдал ба хүч чадлыг бий болгох
- Цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэх
- Нийгэм, соёлын хөгжлийг ахиулах
- Ард иргэдийн амьдралын чанар, амьжиргааг сайжруулах
- Тогтвортой байдалд төвлөрсөн үзэсгэлэнтэй Хятад орныг бий болгох
- Үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хүчирхэгжүүлэх

Guo Wenqi
Хятадын Коммунист намын Төв хорооны Төв, төрийн байгууллагын ажлын хорооны гүйцэтгэх дэд нарийн бичгийн дарга Гуо Вэньчи:
-Хятадын Коммунист нам өнгөрсөн аравдугаар сард ХХ удаагийн Төв хорооны IV бүгд хурлыг хуралдуулж, Хятадын үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай намын саналыг баталсан. Энэ нь ирэх таван жилд Хятадын хөгжлийг дээд түвшинд хүргэх хэтийн зорилготой. 15 дахь таван жилийн төлөвлөгөөний тухай санал нь Хятадын орчин үеийн шинэчлэлийн цаашдын чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ дэлхийн бүх улс оронтой хөгжлийн боломжоо хуваалцах тухай зарчмыг бататгаж буй. Ингэснээр Хятад улс ээдрээтэй, өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдалд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулна.
Хятад улсын хувьд энэхүү хурал нь өнгөрсөн таван жилийн хөгжлийн амжилтыг дүгнэж, одоо нам төр засаг ямар түүхэн үед оршиж байгаа, цаашид хэрхэн хөгжихийг үнэлж дүгнэж, үүн дээрээ үндэслэн ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо дэвшүүлэх ач холбогдолтой. Хятад улс 2035 он гэхэд социалист, орчин үеийн хүчирхэг улсыг бүтээн байгуулах алсын зорилттой байна.
Өнгөрсөн таван жилийн хувьд манай эдийн засгийн нийт хэмжээ 140 их наяд юаньд хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 13 мянган ам.долларт хүрсэн байна. Дундаж жилийн өсөлт 5.5 хувьтай гарсан байгаа. Ирэх таван жилд Хятадын эдийн засаг тоо хэмжээний хувьд зохистой өсөлтийг хадгална, чанарын хувьд илүү өндөр шатанд гарна.
2035 он гэхэд социалист, орчин үеийн хүчирхэг улсыг бүтээн байгуулах зорилтыг биелүүлэхийн тулд ирэх таван жилийн дундаж өсөлт 4.5 хувь орчим байх хэрэгтэй.
Юун түрүүнд бид дотоодын хэрэгцээг гол болгосон бодлого баримталж, хүчтэй том зах зээлийг байгуулахаар зорьж байна. Үүний тулд одоогийн зарим саад тотгорыг арилгаж, зах зээлийн хэмжээг илүү өргөжүүлнэ. Энэ хүрээнд шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлэх, хүний бүх талын хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтуудыг хийнэ.

Shen Minjuan
Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Хятадын Коммунист нам Монголын олон намтай сайхан харилцаа тогтоосон байдаг. Мөн Монголын судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Тиймээс Монголын найзуудын зүгээс Хятадыг илүү гүнзгий ойлгох, Монголын ард түмэнд Хятадын бодит байдлыг танилцуулах, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажилладаг” гэдгийг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

