ОХУ-ын 2007 онд гарсан улс төрийн хошин кино “Election Day”-д хэсэг радио станцын хэсэг ажилтан мужийн захирагчийн сонгуульд ажиллахаар явдаг. Тэдний гол зорилго бол зохиомол нэр дэвшигч бий болгож, сонгогчдын дэмжлэгийг авах замаар хүссэн хүнээ ялалтад хүргэх юм.  Уг киноны нэгэн дуу “Сонгууль! Сонгууль! Бүх нэр дэвшигчид адилхан…” гэх утгатай үгтэйгээр олны танил болж байв.

Тухайн үед сонгууль нь улс төрийн нөлөө дор, далд зохион байгуулалттай явагддаг гэж шүүмжлэгддэг байв. Гэсэн хэдий ч нэг дэвшигчдийн хооронд тодорхой хэмжээний өрсөлдөөн байсаар ирсэн. Харин өнөөдөр ОХУ-ын сонгууль хэр зэрэг өрсөлдөөнтэй байх нь тодорхойгүй байна.

ДАЙНЫ ҮЕИЙН СОНГУУЛЬ

ОХУ-д есдүгээр сарын 18-20-ны хооронд парламентын доод танхим болох Төрийн Думын сонгууль болно. Энэ үеэр нийт 450 гишүүн сонгохоос гадна бүс нутгийн парламентын гишүүд болон зарим бүс нутгийн захирагчийг сонгоно. Төрийн Думын сонгуульд эрх баригч, Кремлийг дэмжигч Нэгдсэн Орос, Коммунист нам, Либерал ардчилсан нам, Шударга Орос, Шинэ хүмүүс, Яблоко зэрэг улс төрийн хүчнүүд оролцохоор төлөвлөж байв.

Гэвч шинжээчдийн үзэж буйгаар эдгээр намуудын мөрийн хөтөлбөр хоорондоо ихээхэн төстэй бөгөөд Кремлийн бодлогыг ерөнхийдөө дэмжсэн байв.

Ганцхан Яблоко нам Украин дахь дайныг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Гэвч тус намыг Төрийн Думын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч бус, намын жагсаалтаас хассан байна.

Одоогийн байдлаар Нэгдсэн Орос нам Төрийн Думын 450 суудлын 321-ийг эзэлж байна. Тус нам энэ удаагийн сонгуулиар мөн олонх болох төлөвтэй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ сонгуулийн дүн нь оросуудын улс төрийн үзэл бодлыг тодорхой хэмжээнд харуулна гэж мөн найдаж байна. Түүнчлэн Төрийн Думын сонгууль Украины эзлэгдсэн дөрвөн бүст зохион байгуулагдана. Эдгээр нутаг дэвсгэрт одоо ч байлдааны ажиллагаа явагдаж байгаа юм.

Санал хураалтыг гурав хоногийн хугацаанд явуулах бөгөөд 33 бүс нутагт цахимаар санал өгөх боломжтой. Харин шүүмжлэгчид олон хоног санал авах болон цахим санал хураалт явуулах нь сонгуулийн дүнг өөрчлөх, зөрчил гаргах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байна.

УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ

ОХУ-ын улс төр, сонгуулийн тогтолцоонд эрх баригчдын хяналт нэмэгдэж эхэлсэн үйл явц 2000-аад оны дунд үеэс эрчимжсэн байна. Кремль хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтаа нэмэгдүүлж, улс төрийн нөлөөтэй болсон олигархуудад арга хэмжээ авч эхэлжээ. Гэхдээ энэ үйл явц үргэлж ижил хурдаар явагдаагүй. Зарим үед шинэчлэл хийж, улс төрийн өрсөлдөөнд тодорхой хэмжээний орон зай бий болсон үе ч байсан аж. Тухайлбал, бүс нутгийн захирагчийг ард иргэд шууд сонгох тогтолцоог 2004-2012 онд цуцалж байсан. Зарим бүс нутагт энэ хязгаарлалт одоо ч үйлчилдэг. Мөн бүс нутгийн төв болон томоохон хотуудад хотын даргыг шууд сонгох сонгуулийг цуцалж, улс төрийн намуудын үйл ажиллагаанд тавих шаардлагыг чангатгажээ.

Сүүлийн жилүүдэд авсан арга хэмжээний нэг нь “гадаадын агент” гэж бүртгэгдсэн хүмүүсийг сонгуульд нэр дэвшихийг хориглосон журам юм. Үүний зэрэгцээ сонгуулийн хараат бус ажиглагчдын үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг нэмэгдүүлсэн байна.

ОХУ-ын сонгуулийн зөрчлийг 2000 оноос хойш баримтжуулж ирсэн хараат бус ажиглагч байгууллага “Голос” өнгөрсөн онд үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Тус байгууллагын нэг дарга шоронд хоригдсоны дараа үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд дэмжигчид нь үүнийг байгууллагын дуу хоолойг хаах оролдлого гэж үзсэн байна. “Election Atlas” төслийн шинжээч Вадим Терновойн хэлснээр, эдгээр хязгаарлалт нь эрх баригчдаас илүү их улс төрийн оролцоо, хариуцлага шаардах иргэдийн хүсэл нэмэгдсэний хариу арга хэмжээ байсан байна.

“СОНГУУЛЬТ ДАРАНГУЙЛЛЫН ТОГТОЛЦОО”

ОХУ-ын сонгууль яг хэзээнээс өрсөлдөөнгүй болсон талаар шинжээчид өөр өөр байр суурьтай байдаг. Гэхдээ 2022 онд Украинд дайн эхлүүлсэн нь томоохон эргэлтийн цэг болсон гэдэгтэй санал нийлдэг. Улс төр судлаачид өнөөгийн ОХУ-ыг “сонгуульт дарангуйллын тогтолцоо” гэж тодорхойлж байна. Энэ нь сонгууль тогтмол явагддаг боловч нэр дэвшигч, намууд болон сонгуулийн үйл явцад эрх баригчид ихээхэн хяналт тавьдаг улс төрийн тогтолцоо юм.

Висконсин-Милуоки их сургуулийн улс төр судлаач Ора Жон Ройтерийн хэлснээр, ОХУ-д нэр дэвшигчид дайныг зогсоохыг ил тод уриалах, ерөнхийлөгч Владимир Путины хууль ёсны байдлыг шууд эсэргүүцэх боломжгүй.

Харин бусад асуудлаар тодорхой хэмжээнд санал бодлоо илэрхийлж, бодлогын талаар мэтгэлцэх боломж байдаг гэж тэр тайлбарлажээ.

Цөллөгт байгаа улс төрийн шинжээч Екатерина Шульманны хэлснээр, эрх баригчид бүр 2011 оноос өмнө Төрийн Думд ямар улс төрийн хүчин орж ирэхийг тодорхой хэмжээнд зохицуулдаг болсон. Түүний тайлбарласнаар, Кремлийн хувьд “Нэгдсэн Орос” нам Төрийн Думд үргэлж Үндсэн хуульд заасан олонх буюу нийт суудлын гуравны хоёроос доошгүйг эзлэх ёстой. Харин бусад намууд тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулах боловч эрх баригчдын бодлогоо хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байх ёстой гэж үздэг байна.

Гэхдээ ОХУ-ын сонгууль өмнө нь бүрэн чөлөөтэй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд л эрх чөлөөг нь хязгаарласан гэж ойлгох нь буруу гэж Шульманн мөн хэлжээ. Мөн өдгөө сонгогчдод санал болгох улс төрийн сонголт эрс цөөрсөн байна.

“Election Atlas” төслийн шинжээч Вадим Терновойн мэдээлснээр, сүүлийн 10 жилд ОХУ-д албан ёсоор бүртгэлтэй улс төрийн намуудын тоо 75-аас 17 болж буурчээ. Мөн 2012 оноос хойш анх удаа Төрийн Думын сонгуульд зөвхөн сонгогчдын гарын үсэг цуглуулах шаардлагаас чөлөөлөгдсөн намууд нэр дэвшигчээ дэвшүүлэх боломжтой болсон байна. Тодруулбал, ОХУ-ын хуулиар сонгуульд оролцохын тулд намууд 200 мянган сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагатай. Харин Төрийн Думд аль хэдийн суудалтай эсвэл аль нэг бүс нутгийн хууль тогтоох байгууллагад суудал авсан намууд энэ шаардлагаас чөлөөлөгддөг байна.

Терновойн мэдээлснээр, 2022 оноос хойш ОХУ-ын бүх шатны сонгуульд нэр дэвшихээр өөрийгөө санал болгосон хүмүүсийн тоо ойролцоогоор 20 хувиар буурсан байна.

Шинжээчид үүнийг улс төрд орохын ашиг болон эрсдэлийн ялгаа улам нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. Тэдний мэдээлснээр, дарамт шахалт зөвхөн иргэний нийгмийн идэвхтэн болон дайныг эсэргүүцдэг “Яблоко” намын нэр дэвшигчдэд төдийгүй зарим бүс нутгийн бусад намд ч нөлөөлж байна. Түүнчлэн “Нэгдсэн Орос” намын зарим нэр хүндтэй гишүүд дотоод сонгуулийн үеэр дарамт шахалтад орсон талаар гомдол гаргаж байсан удаатай аж.

Үүний улмаас сонгуульд бодитоор өрсөлдөх боломжтой олон хүн нэр дэвшихээс татгалзаж байна. Ингэснээр өөр өөр байр суурь, үзэл бодлыг сонсох болон өөрсдийн санал бодлыг илэрхийлэх боломж сонгогчдод улам багасаж байна гэж шинжээчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн