Хэлэлцээ үргэлжилж байгаа тул Иранд цохилт өгөхөө хойшлуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ удирдагчдын хүсэлтийн дагуу Иран руу довтлох ажиллагааг хойшлуулсан тухайгаа мэдэгджээ.

Иран улс цөмийн зэвсгээсээ татгалзсанаар хэлэлцээр байгуулагдана гэж найдаж байна хэмээн тэрбээр хэлжээ.  

Д.Трампын мэдэгдсэнээр, Исламын Бүгд Найрамдах Иран Улсад “маргааш” цохилт өгөхөөр төлөвлөж байсан боловч хэлэлцээ үргэлжилж байгаатай холбогдуулан шийдвэрээ өөрчилсөн байна. Ажиллагааг хойшлуулах хүсэлтийг Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммед бин Заид Аль Нахайян нар түүнд тавьсан байна.

Д.Трамп хэлэлцээ “маш чухал үе шатандаа” явж байгааг тэмдэглээд, Ойрх Дорнодын удирдагчдын үзэж байгаагаар байгуулж магадгүй байгаа гэрээ нь АНУ болон бүс нутгийн орнуудын аль алинд нь хүлээн зөвшөөрөгдөхүйц байх болно гэлээ. Тэрбээр мөн хэлэлцээний гол нөхцөл нь Иран улс цөмийн зэвсэггүй байх явдал гэдгийг онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Дэниэл Кэйн нарт болон АНУ-ын зэвсэгт хүчинд ажиллагааг явуулахгүй байх үүрэг өгснөө мэдэгджээ. Үүний зэрэгцээ, хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл АНУ-ын арми “бүрэн хэмжээний томоохон дайралт” хийхэд бэлэн байгаа гэдгийг мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн