Катар, Пакистаны зуучлалтай АНУ, Ираны хэлэлцээ Швейцарьт хоёр өдөр үргэлжилсний эцэст өндөрлөж, талуудын сүүлийн тохиролцоонд хүрэх 60 хоногийн хугацаа явж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ хэлэлцээний ердөө маргааш нь /2026.06.23/ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Пакистаны нийслэл Исламабад хотод төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ цаг хугацааны давхцалыг санамсаргүй зүйл биш гэж үзэж байна. Нэгдүгээрт, Пезешкян энэ айлчлалаараа талархал илэрхийлж байна. Хоёрдугаарт, цаашдын зорилгоо үүгээр тунхаглаж байна гэж үзэв.
Тэрбээр Исламабадад ирэхээсээ өмнө өөрийнхөө бүрэн эрхийн хугацааны хамгийн түүхэн тохиролцоонд гарын үсэг зурсан билээ. Тодруулбал, Пезешкян , Трамп нар зургадугаар сарын 18-нд Исламабадын санамж бичиг буюу АНУ, Ираны өргөн хүрээний тохиролцооны эхний улс төрийн баримт бичигт цахим хэлбэрээр гарын үсэг зурцгаасан. Гэвч үүний дараа Ираны дотоодод зөрчил хагарал үүсч мэдэхээр болоод байна.
“Пезешкян санамж бичигт гарын үсэг зурмагцаа шууд Исламабад руу явж байгаа нь энэхүү хэврэг тохиролцоог дотооддоо, бүс нутагтаа, цаашилбал, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байгааг нь харууллаа” гэж Ойрхи дорнод шинжээч Реза Ханзадех хэлжээ. Түүний хэлснээр энэ айлчлал Пакистанаас илүүтэйгээр Пезешкянд өөрт нь хэрэгтэй байна.
Айлчлалын үеэр Пезешкян Швейцарийн яриа хэлэлцээг зуучилсан Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф болон ерөнхийлөгч Асиф Али Зардари нартай уулзана. Мөн Пакистаны Сенатын дарга Юсуф Раза Гилани, Үндэсний ассамблейн дарга Сардар Аяз Садик, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Исхак Дар нартай уулзах бололтой.
Талууд Швейцарийн хэлэлцээг сөхөхөөс гадна худалдаа, эрчим хүч, хилийн аюулгүй байдал, бүс нутгийн холболтын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
ХЯМРАЛААР БЭХЭЖСЭН ХАРИЛЦАА
Энэ удаагийн айлчлал нь АНУ, Израиль улсууд хоёрдугаар сарын 28-нд Иранд халдлага эхлүүлснээс хойших Пезешкяны анхны гадаад айлчлал. Үүний зэрэгцээ Ираны ерөнхийлөгчийн хувиар Пакистанд хийж буй хоёр дахь айлчлал нь болно.
Тэрбээр 2025 оны зургадугаар сард болсон Иран, Израилийн 12 хоногийн дайны дараа Пакистанд айлчилж байв. Тус айлчлалаар нийслэл Исламабадаас гадна зүүн хэсгийн Лахор хотод очиж байжээ. Энэ үеэр талууд 12 хэлэлцээрт гарын үсэг зурж, жилийн худалдааг гурван тэрбумаас ойролцоогоор 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн юм.
Гэвч Пакистан, Ираны харилцаа үргэлж найрсаг байсангүй. 2024 оны нэгдүгээр сард Иран улс Пакистаны Белужистан мужид пуужингаар цохилт өгсөн бөгөөд үүнийгээ Жайш аль-Адл зэвсэгт бүлэглэлийг онилсон халдлага гэж тайлбарласан юм. Үүний хариуг Пакистан 48 цагийн дотор өгч, Ираны Систан-Белужистан муж дахь зэвсэгт бүлэглэлийн хоргодох байруудад цувралаар цохилт өгчээ.
Улмаар хоёр улс Элчин сайд нараа харилцан эргүүлэн татаж, болсон явдлыг сүүлийн хэдэн 10 жилд гараагүй хамгийн ноцтой хурцадмал байдал гэж нэрлэж байв.
Гэсэн ч байдал тэгтлээ даамжраагүй. Тодруулбал, Ираны тухайн үеийн Гадаад хэргийн сайд Хосейн Амир-Абдоллахиан хурцадмал байдлыг намжаахаар Исламабад хотод айлчилсан бөгөөд дипломат харилцаа ч аажмаар сэргэсэн. Үүнээс хэдэн сарын дараа Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хосейн Амир-Абдоллахиан нар Ираны баруун хойд хэсэгт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм.
Энэхүү эмгэнэлт явдлын дараа болсон ээлжит бус сонгуулиар Пезешкян ялж, 2024 оны долдугаар сараас ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Пезешкян хоёр улсын харилцаа тун эмзэгшсэн үед албан тушаалаа хүлээж авсан гэсэн үг.
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЗУУЧЛАГЧ
АНУ, Израилийн халдлагаас хойш Шариф, Пезешкиан нар дор хаяж долоон удаа утсаар ярьсан бөгөөд албаны хүмүүсийн мэдээлснээр энэ яриа нь ихэвчлэн нэг цаг хүртэл үргэлжилж байжээ. Мөн энэ хугацаанд Пакистаны армийн командлагч Асим Мунир Тегеранд дор хаяж хоёр удаа айлчилсан бол Дотоод хэргийн сайд Мохсин Накви ч хэд хэдэн удаа айлчилсан байна.
Шариф, Пезешкиан нар хамгийн сүүлд талууд санамж бичигт гарын үсэг зурсан өдөр буюу зургадугаар сарын 18-д утсаар ярьсан бөгөөд энэ нь 30 гаруй минут үргэлжилжээ. Чухам энэ ярианы үеэр Шариф Пезешкяныг Исламабад хотод айлчлахыг урьсан байна.
Швейцарийн хэлэлцээнээс хэд хэдэн үр дүн гарсан. Үүнд, өндөр түвшний улс төрийн хороо байгуулах, цөмийн асуудал болон хориг арга хэмжээний ажлын хэсгүүд байгуулах, Ормузын хоолойн асуудлаарх холбоо харилцааны шугам нээх, Ливантай холбоотой мөргөлдөөнөөс сэргийлэх механизм бүрдүүлэх зэрэг багтаж байна. Техникийн хэлэлцээ энэ долоо хоногт үргэлжилж байна.
Энд Пакистаны гүйцэтгэж буй үүрэг нь яриа хэлэлцээний улс төрийн шугамыг хангах буюу улс төрийн итгэлцэл бий болгох явдал. Механимз, цагийн хуваарь, баталгаажуулалтын хэл найруулгыг боловсруулах зэрэг нь техникийн хэлэлцээнд тооцогдоно.
Пакистан дахь Ираны Элчин сайд асан Асиф Дуррани “Иран улс цөмийн хөтөлбөрийн тухайд Олон улсын атомын энергийн агентлагийн шаардлагыг дагаж мөрдөхөө мэдэгдсэн. Харин тэдний хувьд хамгийн том олз нь хориг арга хэмжээг зөөлрүүлэх явдал байсан. 60 хоногийн хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосоо экспортлох боломжийг Иранд олгочихлоо. Энэ бол томоохон хөнгөлөлт. Исламабадын санамж бичгийн эхний зүйлд бүс нутгийн энх тайван, тэр дундаа Ливаны асуудлыг маш тодорхой тусгасан. Хэрэв Израиль өөрийгөө энэ хэлэлцээрийн нэг хэсэг биш гэж бодож байгаа бол тэр асуудлаа өөрсдийнхөө толгойны өвчин болсон АНУ-тай л шийдэх ёстой” гэжээ.
Эцэст нь шинжээчдийн үзэж буйгаар, Пезешкяны энэ айлчлал Пакистаны дипломат байр суурийг мөн бэхжүүлж байна. Пезешкян Исламабадыг сонгон айлчилж буй нь Иран улс Пакистаныг зүгээр нэг зуучлагч бус бүс нутгийн хүлээн зөвшөөрөгдсөн зуучлагч болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг харуулна.