СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 24 /DW/. Оросын талд тулалдуулахаар Умад Солонгосоос Украин руу илгээж, улмаар олзлогдсон цэргүүдийг суллагдсаных нь дараа хэрэв тэд өөрсдөө хүсвэл Өмнөд Солонгосын тал хүлээн авна гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мягмар гарагт мэдэгджээ.
Өмнөд Солонгосын тал олзлогдсон умард солонгос цэргүүдийг БНАСАУ-д буцаах эсвэл Орос руу илгээхийг эсэргүүцэж байгааг уг мэдэгдэлд дурдсан байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Чо Хёнтой хоёр талын харилцаа болон “Умард Солонгосын олзлогдсон цэргүүдийн асуудал”-ыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг үүний өмнө буюу зургаадугаар сарын 22-ны өдөр мэдээлжээ.
“Сайд Чо Хён зургаадугаар сарын 30-нд Сөүл хотноо Сибигатай хэлэлцээ хийнэ. Хэлэлцэх асуудлын гол сэдэв нь Украин, Оросын хооронд үргэлжилж буй дайн болон Украинд олзлогдсон Умард Солонгосын цэргүүдийн асуудал байх төлөвтэй байна” хэмээн тус агентлаг Өмнөд Солонгосын ГХЯ-ны мэдэгдлээс эш татан уламжилсан байна.
2025 оны эхээр Москваг дэмжих зорилгоор ОХУ-ын Курск муж руу илгээсэн Умард Солонгосын цэргүүдийн хоёр нь Украины Зэвсэгт хүчинд олзлогдсон байна. Тэдгээр цэргүүд Өмнөд Солонгост очих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын засгийн газраас мэдэгдэхдээ, Үндсэн хуулийн дагуу Умард Солонгосын цэргүүдийг Өмнөд Солонгосын иргэн гэж үздгийг онцлоод, тус улс руу ирэх хүсэлтэй олзны бүх хүнийг хүлээн авч, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу шаардлагатай хамгаалалт, дэмжлэгээр хангана гэдгээ мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан “Yonhap” агентлагт ярилцлага өгөхдөө “Тэдний чөлөөт хүсэл эрмэлзэлд үндэслэн Өмнөд Солонгос руу хурдан шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь манай засгийн газрын үндсэн байр суурь бөгөөд энэ байр суурь өөрчлөгдөөгүй” хэмээгээд, Сайд Сибигагийн Сөүлд хийх айлчлалын үр дүнд энэ асуудалд ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа нэмж хэлжээ.
Өмнөд Солонгосын идэвхтнүүд болон Умард Солонгосоос дүрвэн ирсэн хүмүүсийн хэлснээр, Умард Солонгосын цэргийн номлолд цэргүүдээ олзлогдохыг шууд хориглодог аж. “Хэрэв украинчуудад баригдах аюул тулгарвал цэргүүдэд амиа хорлох тушаал өгсөн” гэж 1990-ээд онд өсвөр насандаа Умард Солонгосоос дүрвэсэн Ким Ужин ярьсан байна.
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд БНАСАУ-ын бүх оршин суугчийг тус улсын иргэн гэж заасан хэвээр байгаа бөгөөд тэд хэдийд ч Солонгосын хойгийн Өмнөд хэсэгт ирж, оршин суух бүрэн эрхтэй байдаг аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов нарыг байлцуулан, Украины эсрэг Оросын дайнд амь үрэгдсэн Умард Солонгосын цэргүүдийн дурсгалын цогцолборыг Пёньянд ёслол төгөлдөр нээсэн юм. Энэхүү ёслолыг 2024 оны наймдугаар сард Украины цэргүүд хэсэгчлэн хяналтдаа аваад байсан ОХУ-ын Курск мужаас Украины цэргүүд бүрэн гарсныг тохиолдуулан зохион байгуулжээ.
Тав дахь жилдээ үргэлжилж байгаа Украины дайнд Умард Солонгос ОХУ-д цэргийн дэмжлэг үзүүлсээр байгаа бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албаны (NIS) тооцоолсноор, БНАСАУ-ын 15 мянга гаруй цэргийн алба хаагчийг Оросын талд тулалдуулахаар илгээжээ. Тэднээс 6000 орчим нь амь үрэгдэж, 4000 орчим нь шархадсан байна.