МОСКВА, 2026 оны зургаадугаар сарын 23 /DW/. Даваа гарагт буюу өчигдөр ОХУ-ын Свердловск мужид хүчтэй хуй салхи дэгджээ. Байгалийн гамшигт үзэгдэл Кушва, Новая Ляля болон бүс нутгийн бусад хотуудыг дайрсан талаар “Telegram”-ийн “Baza”, “Ural Mash” сувгууд мэдээлжээ. Хүчтэй салхинд байшингуудын дээвэр хууларч, мод, цахилгаан дамжуулах шугамын тулгуур шонгууд унасан байна.
Кушва хотод хуй салхи дагуулсан аянга цахилгаантай ширүүн бороо орсны улмаас 4000 гаруй хувийн сууц гэрэл цахилгаангүй болсон талаар бүс нутгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ. Салхинд 40 гаруй байшингийн дээвэр эвдэрч, 25 мод, цахилгаан дамжуулах шугамын 9 шон унасан байна.
Кушва хотод гамшгийн уршгийг арилгах ажиллагаа үргэлжилж байна. Байгалийн гамшигтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг хотын захиргааны тойргийн дарга Михаил Слепухин мэдэгджээ. Аврагчид, гал сөнөөгчид, нийтийн аж ахуй болон зам засварын албаныхан гудамж талбайг цэвэрлэж, унасан мод, нурангийг зайлуулан, цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байна.
Слепухины хэлснээр, хүний амь нас эрсдээгүй байна. Бүс нутгийн эрх баригчид тодруулга хийхдээ, 15 хүн эмнэлгийн тусламж авснаас нэг хүнийг Нижний Тагил хотын эмнэлэгт хэвтүүлсэн гэж мэдэгджээ.