Песковын эхнэр Татьяна Навка хориг арга хэмжээг цуцлуулахын тулд шүүхэд ханджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын эхнэр Татьяна Навка өөрт нь ногдуулсан хориг арга хэмжээг цуцлуулах хүсэлт гаргаж, шүүхэд ханджээ. Европын холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлснээр, Украинд Ороын явуулж буй дайнаас улбаалан Навкаг хориг арга хэмжээнд оруулсан байна.

Олимпын уран гулгалтын аварга асан Навкаг Украинд цэргийн ажиллагаа эхэлсний дараа буюу 2022 оны зургаадугаар сард Европын холбооны хоригийн жагсаалтад оруулжээ. Түүнтэй хамт Песковын охин Елизавета, хүү Николай нар мөн уг жагсаалтад багтсан байна.

Тухайн үед Брюссель уг хориг арга хэмжээг “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд заналхийлж буй эсвэл тэдгээрийг сулруулах үйл ажиллагаатай холбоотой” гэж тайлбарласан.

Европын холбооны “EUR-Lex” цахим мэдээллийн санд нийтлэгдсэн мэдээллээр, Зөвлөлтийн үеийн Украинд төрсөн ч ОХУ-ын иргэн Навка одоо эвслийн Шүүхээр дамжуулан өөрт ногдуулсан хоригийг цуцлуулах хүсэлт гаргажээ.

Түүний гаргасан нэхэмжлэлд хориг тавьсан үндэслэлийг хангалттай тодорхой тайлбарлаагүй, хууль эрх зүйн болон бодит нөхцөл байдлын үнэлгээнд алдаа гаргасан, мөн Европын холбооны түүний эсрэг авсан арга хэмжээ нь хоригийн зорилготой шууд холбоотой гэдгийг хангалттай нотолж чадаагүй гэж онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Навка Европын холбооны Зөвлөлөөс эд хөрөнгө, нэр хүндэд учирсан хохирол болон бусад материаллаг бус хохирлын нөхөн төлбөр болгон нийт 2 сая гаруй евро буюу ойролцоогоор 2.3 сая ам.доллар нэхэмжилж байгаа аж.

Үүнтэй төстэй байдлаар ОХУ-ын төрийн өмчит батлан хамгаалах болон аж үйлдвэрийн “Ростех” корпорацын тэргүүн Сергей Чемезовын эхнэр Екатерина Игнатова мөн Европын холбооны хориг арга хэмжээг цуцлуулах хүсэлтээ ижил хууль зүйн журмаар гаргасан талаар гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн