Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын баруун өмнөд хэсэгт дэгдсэн томоохон ой, хээрийн түймэртэй тэмцэж буй гал сөнөөгчдөд хандан “Тэвчээртэй байгаарай” хэмээн уриалж, энэхүү гамшгийг хамтын хүчээр даван туулна гэдгээ илэрхийллээ. Макрон Даваа гаригт (2026.07.27) түймэр унтраах ажиллагааг зохицуулах төвд ажиллах үеэрээ Франц Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой түймрийн гамшигтай нүүр тулж байгааг онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногоос хойш үргэлжилж буй түймэр Парис хотын талбайгаас дөрөв дахин том газар нутгийг хамарч, 220 мянга орчим хүнийг гэр орноо орхин, нүүлгэн шилжихэд хүргэсэн байна. Гал сөнөөгчид Даваа гаригт Бордо хотыг чиглэсэн түймрийн тархалтыг зогсоож чадсан ч халуун, хуурай цаг агаарын улмаас ой мод үргэлжлэн шатсаар байгаа тул аюул бүрэн арилаагүйг албаныхан анхааруулжээ.
Түймрийг унтраахаар олон мянган гал сөнөөгч, ус цацагч нисэх онгоцууд ажиллаж байна. Ойрын өдрүүдэд агаарын температур 35 хэмээс дээш гарах төлөвтэй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй байна. Мөн эрх баригчид нүүлгэн шилжүүлсэн иргэдийг хоол хүнс, орон байраар хангах арга хэмжээ авч, Бордо орчмын Жиронд бүсийг зорихгүй байхыг жуулчдад уриалжээ. Даваа гаригийн байдлаар шинээр хүн нүүлгэн шилжүүлэх шаардлага гараагүй байна.

Үүний зэрэгцээ Испани улс ч мөн урьд өмнө тохиолдож байгаагүй их хэмжээний түймэртэй тэмцэж байна. Франц, Испанид гарсан ой, хээрийн түймрийн улмаас нийт 330 мянга гаруй хүн аюулгүй бүс рүү нүүлгэн шилжжээ. Испани улсад Мадрид болон Валенсиа орчимд гарсан түймрийн улмаас 79 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, өөр 30 мянган иргэнийг гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгосон байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эдгээр түймэр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам хүчтэй болж байгааг харуулж байна гэж мэдэгджээ.
Харин Италийн өмнөд хэсгийн Пулья мужийн Пескичи хотын ойролцоо хүчтэй салхины улмаас ой, хээрийн түймэр дэгдэж, далайн эрэг болон аяллын баазуудаас 300 орчим жуулчныг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал сөнөөгчид болон ус цацагч нисэх онгоцууд түймрийг унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.