Хятадын улс төрийн тэрс үзэлтэн Дон Гуанпин өнгөрсөн сард завиар Өмнөд Солонгос руу зугтсан. Тэрбээр эцэст нь эхнэр, охин дээрээ Канадад ирснийг нэгэн найз нь цахим хаягаараа мэдэгджээ.
Дон Гуанпин 3.3 метр урттай хийлдэг завиар Хятадаас гарч, улмаар тавдугаар сард Өмнөд Солонгосын баруун эрэг орчимд эргийн хамгаалалтынханд баригдсан юм. Энэ нь түүний Хятадаас дүрвэх гэсэн ил мэдэгдэж буй дөрөв дэх оролдлого. Өмнөд Солонгост болсон шүүхийн сонсголын үеэр тэрбээр хэдийнэ Канадад суурьшчихаад байгаа эхнэр, охин хоёр дээрээ очмоор байгаагаа мэдэгдэж байв.
Түүний найз, хятад, канад гаралтай идэвхтэн Шэн Шүэгийн хэлснээр Дон Гуанпин “Air Canada”-ийн нислэгээр Торонтод газарджээ. Шэн Шүэ цахим хаягтаа “Тэр дөнгөж сая аяга гоймон, өндөг, улаан лооль, сам хорхой идлээ” гэж бичсэн байв.
Тэрбээр Дон Гуанпиныг Хятадаас гаргаж авахын тулд 10 гаруй жилийг зарцуулсан аж.
Дон Гуанпин Хятадад цагдаагийн офицероор ажилладаг байсан бөгөөд янз бүрийн хөдөлгөөнөөс болж хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. Тэрбээр 1999 онд Тяньаньмэний талбайн 10 жилийн ойг дурссан захидалд гарын үсэг зурсан учир ажлаасаа халагдсан байна. Төрийн эрх мэдлийг бусниулахыг өдөөн турхирсан хэргээр 2001 онд түүнд гурван жилийн ял оноожээ. Үүний дараа 2014 онд Тяньаньмэний хохирогчдын дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцсон хэргээр дахин баривчлагдаж, найман сар гаруй хугацааг торны цаана өнгөрүүлсэн байна.
Дон Гуанпин өмнө нь Тайланд, Вьетнам руу дүрвэж байсан ч тэндэхийн эрх баригчид түүнийг Хятад руу буцаасан аж. Мөн тэрбээр Тайвань руу сэлж явах гэж оролдоод бүтээгүй удаатай.