Оросын харгис тал

Дайн эхэлснээс хойш Оросын бүс нутаг болон үндэстний бүгд найрамдах улсууд Украины фронтын шугамд хүн хүч нийлүүлэх ачааллын харьцангуй их хувийг үүрч байна. Энхийн хэлэлцээ ямар ч ахиц дэвшилгүй байгаа тул Оросын бүс нутгийн албан тушаалтнууд Кремлийн ногдуулсан цэргийн элсэлтийн квотыг биелүүлэх дахин нэг хүндхэн даваатай тулгарах нь. Оросын дайны хохирогчдын бүс нутаг, үндэстний ялгааг судалдаг тэргүүлэх судлаач Мария Вюшкова Москва 2026 онд шинэ хүн хүчийг хаанаас, хэрхэн хайх талаар олж мэджээ.

Оросын арми өнгөрсөн онд Украин дахь дайн эхэлснээс хойш хамгийн их албан хаагчаа алдсан байна. Улмаар өдөөсөн дайнаа үргэлжлүүлэхийн тулд шинэ цэрэг тасралтгүй дайчлах шаардлагатай болсон. Үүнийг зэрэгцээ Оросын бүс нутгуудын төсөв ноцтой хүндрэлтэй тулгарсан. Эрх баригчид шинэ цэрэг татахад шаардлагатай төсөвгүй болж, зарим бүс нутагт гэрээт цэргүүдэд олгодог урамшууллын мөнгийг багасгасан. Ингэснээр албан хүчээр болон заль ашиглан цэрэгт татах тохиолдол гарсан нь энэ жил ч үргэлжлэх төлөвтэй аж. Аж ахуйн нэгжүүдийг тодорхой тооны “сайн дурынхан” фронтод илгээхийг шаардаж, улмаар тэд эрэгтэй ажилтнуудаа цэрэгт элсэхийг шахах магадлалтай. Мөн хууль бус баривчилгааг ашиглан баривчлагдсан эрчүүдийг гэрээ байгуулахад хүчлэх явдал нэмэгдэх эрсдэлтэй байна. Цэрэг татлагад хамрагдсан залуусыг гэрээт цэрэг болохыг шахах дарамт ч нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь шууд цэргийн байгууллагуудаас ирнэ. 2024 онд мэргэжилтнүүдийн тооцоолсноор, цэрэг татлагад хамрагдсан залуусынойролцоогоор 30 хувь нь гэрээ байгуулдаг байсан бөгөөд энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх оролдлого хийх боломж эрх баригчдад байна.

Орост цэрэг татлагын алба маш аюултай болжээ. Эрх баригчид цэрэгт татагдагсдын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэх, нойргүйдлээр тамлах, гэрээний гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бүр гэрээ байгуулахаас татгалзсан хүмүүсийг хөнөөх тохиолдлууд ч гарч байна.Ийм төрлийн үйлдлүүд 2026 онд системтэй, өргөн хүрээтэй болох төлөвтэй байна.

Өнгөрсөн оны туршид нийт цэргийн хохирлоороо тэргүүлсэн Башкортостан, Татарстан энэ байр сууриа хадгалах магадлалтай байна. Харин асар их хүн амтай ч Москва хот харьцангуй бага нөлөөлөлд өртсөн хэвээр байх төлөвтэй байна. Пермь болон Кировын мужуудад 2025 онд цэргийн хохирол огцом нэмэгдсэн бөгөөд энэ хандлага ирэх жил ч үргэлжлэхээр байна. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд бүгд найрамдах улсуудаас цэрэг татаж байсан явц энэ онд ч үргэлжилнэ гэж үзэж байна. Гэхдээ хоёр дахь удаагийн дайчилгаа явагдахгүй тохиолдолд л ийм байх боломжтой. Хэрэв дахин дайчилгаа зарлагдвал нөхцөл байдал эрс өөрчлөгдөнө.

Үндэстний онцлогтой бүгд найрамдах улсууд хүн амд ногдох нас баралтын үзүүлэлтээр эхний аравт багтсаар байх төлөвтэй байна. Тува, Буриад, Алтайн Бүгд Найрамдах улсууд болон Чукоткийн автономит тойрог хохирлоороо тэргүүлж болзошгүй. Эдгээр бүс нутаг 2022 оны дайчилгаанд харьцангуй их өртсөн бөгөөд хоёр дахь удаагийн дайчилгаа тохиолдвол ижил нөхцөл давтагдахыг үгүйсгэхгүй. Сонирхолтой нь Хойд Кавказын бүгд найрамдах улсуудад хүн амд ногдох дайны хохирол маш бага байна. Мөн Москва, Санкт-Петербург хотуудад дайчилгаа хамгийн бага явагдсан тул тухайн мужийн амиа алдсан алба хаагчдын тоо бусад мужаас харьцангуй бага юм. Гэсэн ч хамгийн чухал асуулт нь фронтод цэргийн дутагдал улам гүнзгийрэхийн хэрээр энэ байдал ирэх жил өөрчлөгдөж ч магадгүй.

Буриадын нөхцөл байдал хүнд байгаа аж. Өнгөрсөн оны эхээр Буриад улс дайнд амь үрэгдсэн хүний нийт тоогоороо Оросын эхний 10 бүс нутгийн жагсаалтаас хасагдсан юм. Тухайн үед Буриадын иргэд энэ дайнд оролцохоо больж эхэлсэн байх гэсэн найдлага төрж байлаа. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Одоо Буриад улс уг жагсаалтад дахин орж, наймдугаар байрт бичигдэж байна. Үүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн цэргийн гэрээ байгуулахад олгодог мөнгөн урамшуулал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Энэхүү арга хэмжээ өөрөө онцгой шийдвэр юм. Сүүлийн төсвийн хямралаас өмнө ч Буриад улс ядуу бүс нутагт тооцогддог байсан. Зарим бүс нутаг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан урамшууллын мөнгөө танасан бол Буриад харин эсрэгээр нь нэмэгдүүлж, өндөр түвшинд хадгалсаар байна. Энэ нь бүс нутгийн эрх баригчид гэрээт цэрэг элсүүлэх ажлыг хэвээр үргэлжлүүлж байсантай холбоотой. Элсэгчдийн тоо буурч байгааг анзаармагц орон нутгийн иргэдийг дайнд явахыг урамшуулах, төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Буриадын тэргүүн Алексей Цыденов харьцангуй залуу, амбицтай улстөрч боловч Москва хотод санал болгох зүйл цөөн. Бүс нутаг нь нефть, стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлгүй учир цэрэг хүчнээс өөр давуу тал бараг үгүй. Одоогийн нөхцөлд дайнд цэрэг нийлүүлэх нь Оросын захирагчдын ажлын гол үзүүлэлт болжээ. Тиймээс Буриадын эрх баригчид цэргийн урамшууллын мөнгийг бууруулаагүй байгаа нь тэдний улс төрийн бодит тэргүүлэх зорилго хаана байгааг тодорхой харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн