Трамп: Мадурог баривчлах үед “сонирхолтой” шинэ зэвсэг ашигласан

Америкийн цэргүүд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах үеэрээ шинэ, нууц зэвсэг ашигласан бололтой. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “New York Post” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Трамп уг зэвсгийг “The Discombobulator” гэж нэрлэсэн бөгөөд Мадурог баривчлах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн байна. Мөн энэ зэвсэг нь Хятад, Орост үйлдвэрлэсэн Венесуэлийн цэргийн техникийг ажиллагаагүй болгосон гэжээ. “CNN”-ийн мэдээлснээр, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өмнө нь “Хаванагийн синдром” үүсгэдэг байж магадгүй төхөөрөмж худалдан авч байсан аж. “Хаванагийн синдром” гэдэг нь толгой өвдөх, чих шуугих, толгой эргэх зэрэг тайлбарлашгүй шинж тэмдгүүдийг хэлдэг бөгөөд бичил долгионтой холбоотой байж магадгүй гэж үздэг. “New York Post”-ын бичсэнээр, ажиллагааны үеэр Мадурогийн бие хамгаалагчдын хамраас цус гоожих, цусаар бөөлжих зэрэг ноцтой шинж тэмдэг илэрсэн байна. Венесуэлийн Батлан хамгаалах яам уг ажиллагааны үеэр 83 хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Тухайн үед байсан нэг цэргийн хэлснээр, тухайн үед маш хүчтэй долгион ажиллаж, толгой задрах мэт мэдрэмж төрсөн байна. Трамп уг зэвсгийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн