АНУ-ын армийн “Apache” довтолгооны нисдэг тэрэг зургадугаар сарын 8-нд Ормузын хоолойн ойролцоо осолдсон. Тэгвэл тус нисдэг тэргэнд байсан нисэх багийн хоёр гишүүн бэртэж гэмтээгүй зүгээр байгааг Дональд Трамп мэдэгдлээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ираны төрийн хэвлэлүүд ослыг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.
“Apache” довтолгооны нисдэг тэрэгнүүд нь Ираны газрын тосны тээвэрлэлт болон танкеруудад тавьсан бүслэлтийг хэрэгжүүлэх АНУ-ын армийн гол хэрэгсэл болоод буй. Өмнө Арабын нэгдсэн Эмират улс Ираны дронуудыг устгахын тулд “Apache” нисдэг тэргүүдийг ашиглаж байжээ.
Дашрамд дурдахад, Дональд Трамп энэ өдрүүдэд заншил ёсоор АНУ, Ираны хэлэлцээний талаар өөдрөг байр сууриа илэрхийлсээр байна. Тэрбээр саяхан мэдээлэл өгөхдөө “Бидэнд боломж байна. Хоёр, эсвэл гурав хоногийн дотор ч хэлэлцээр байгуулагдаж магадгүй. Бид маш, маш сайн, хүчирхэг хэлэлцээр байгуулахад тун ойрхон байна. Хэрвээ бид хүсэх юм бол очоод ядах юмгүй бөмбөгдчихнө, хоёр, эсвэл гурван долоо хоног бөмбөгдөхөд тэднээс юу ч үлдэхгүй. Гэхдээ ингэх юм бол хэдэн сарын турш Ормузын хоолойг нээх аргагүй болно. Хэрвээ бид бөмбөгдвөл олон хүний амь үрэгдэнэ. Хэн тийм зүйл хүсэх вэ дээ? Би лав үгүй” гэжээ.
Удахгүй хэлэлцээр бүтнэ гэх энэ өөдрөг үзэл нь юунаас улбаатайг тэр тайлбарлаагүй байна.
Пакистан тэргүүтэй зуучлагчид хэдэн долоо хоногийн турш хэлэлцээрийг эцэслэн байгуулахыг оролдсоор байна. Гэсэн хэдий ч Иран, АНУ-ын аль аль нь хатуу байр суурь баримталсаар байгаа юм.