АНУ-ын 250 жилийн ойд хүмүүсийг унтуулдаг дуучид оролцохгүй

АНУ байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан урлагийн цуврал тоглолтыг ерөнхийлөгч Дональд Трамп цуцалжээ. “Great American State Fair” нэртэй уг цуврал тоглолтод оролцохоор төлөвлөгдсөн байсан зарим уран бүтээлч оролцохоос татгалзсан тул тоглолтыг цуцалсан байна. Трамп уран бүтээлчдийг “гэртээ бай” гэж хэлсэн бөгөөд тоглолтын оронд “Бүх жагсаал цуглааныг төгсгөх хэмжээний жагсаал” зохион байгуулна гэв. Мөн тэрбээр “Авьяасгүй мөртлөө өндөр хөлс авдаг, хүмүүсийг унтуулдаг дуучид бидэнд хэрэггүй. Би бүгдийг нь гэртээ бай гэж хэлсэн” гэжээ.

250 жилийн ойн арга хэмжээнд зориулж жагсаал, томоохон хэмжээний ёслолын буудлага, Цагаан ордны зүлгэн дээрх “UFC”-ийн тэмцээн зэрэг зүйлийг төлөвлөсөн.

Гэвч зохион байгуулагчдын хэлснээр, зарим арга хэмжээ, тэр дундаа Трампыг дэмждэг байгууллагын санхүүжилттэй арга хэмжээнүүд нь баярыг улс төржүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа аж. Тухайлбал, “America250” байгууллагыг 10 жилийн өмнө Конгрессоос намын харьяалалгүй арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар үүсгэн байгуулжээ. Түүнчлэн “Freedom 250” гэх Трампын үүсгэн байгуулсан байгууллагын зүгээс ч арга хэмжээ төлөвлөгдсөн.

250 жилийн ойн баярын хамгийн том үзвэрүүдийн нэг нь 16 хоног үргэлжлэх Мужуудын үзэсгэлэн юм. Үзэсгэлэн зургадугаар сарын 25-аас долдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ-ын 56 муж болон нутаг дэвсгэрийг энэхүү үзэсгэлэнд танилцуулах аж.

Мөн АНУ даяар долдугаар сарын 4-ний өдөр ёслолын буудлага буудуулна. Тухайлбал, Вашингтонд жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны зохион байгуулдаг асар том үзүүлбэр болдог. Энэ жил 40 минут үргэлжлэх уг үзүүлбэрийг Трампын үүсгэн байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэл болох “Freedom 250” зохион байгуулах юм. Үзүүлбэрт 860 мянга гаруй салют ашиглана. Ердийн үзүүлбэрт ойролцоогоор 10 мянган салют ашиглаж, 20 минут хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг. Үзүүлбэрийг бэлтгэх үүрэгтэй “Pyrotecnico” компанид “Freedom 250”-аас тавьсан цорын ганц шаардлага нь 2016 онд Филиппиний тогтоосон дэлхийн хамгийн том салютын үзүүлбэрийн дээд амжилтыг эвдэх явдал байсан аж.

250 жилийн ойг зөвхөн нийслэлээр тогтохгүй бусад мужид ч тэмдэглэнэ.

Тухайлбал, Нью-Йоркийн “Times square”-т шинэ жилийн үдэш болдогтой адил бөмбөг буулгах ёслол болно. Гэхдээ шинэ жилийнхээс ялгаатай нь бөмбөгийг АНУ-ын цагийн бүс бүрээр найман удаа буулгана. Тухай бүртээ бөмбөг өөрийн гэсэн өвөрмөц загвартай байх аж. Тэгвэл Лос Анжелест хөгжмийн уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд 50 мянга хүртэлх хүн цугларна гэж тооцоолж байна. Висконсин мужийн Милуоки зэрэг хотод гудамжны баярууд мөн төлөвлөгджээ.

Баярын арга хэмжээнээс гадна Вашингтон даяар хэд хэдэн тохижилтын төсөл эхэлсэн байна. Зарим төслийг хэтэрхий нүсэр, шаардлагагүй гэж үзсэн бол заримыг нь орон нутгийн оршин суугчид сайшаажээ. Тэдгээр төслийн нэг нь Линкольны дурсгалын цогцолборын өмнөх “Reflecting Pool” байв. Линкольны дурсгалын цогцолбороос Вашингтоны хөшөө хүртэл 620 метр үргэлжилдэг уг усан санг өнгөрсөн сараас засч, будаж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн