Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

ХҮМҮҮС

Унгарын парламентын сонгуулийн дүн санаанд оромгүй гарч, сөрөг хүчний Тисза нам ялалт байгуулаад буй. Ийнхүү Виктор Орбаны 16 жилийн засаглал дуусгавар болж, түүнээс үзэл баримтлал, үнэт зүйлээрээ эрс ялгардаг Петер Мадьярын эрин үе эхэллээ. Виктор Орбаны дэмжигчээс дайсан болж хувирсан гэгддэг Петер Мадьярыг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.

Тэрбээр 1981 оны гуравдугаар сарын 16-нд Унгарын Будапешт хотод төржээ. Мадьярын гэр бүл, хамаатан садан дунд Орбаны анхны бүрэн эрхийн хугацаанд Унгарын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ференц Мадл тэргүүтэй нэр алдартай, чинээлэг хүмүүс олон. Тэрбээр 2004 онд Унгарын Пазмани Петер католик их сургуулийн Хуулийн факультетийг эрдмийн зэрэгтэй төгсчээ. Улмаар мэргэжлийн карьераа Нийслэлийн шүүхээс эхэлж, яваандаа олон улсын эрх зүйн салбарт ажиллаж эхэлсэн байна.

Петер Мадьярыг өсч том болох үед Унгарын ардчиллын шилжилт ид үргэлжилж байв. Тухайн үед 10 ч хүрэхгүй настай Мадьярын өрөөний хананд Виктор Орбаны зураг хадаастай байдаг байлаа. Орбан тэр үед либерал, коммунизмын эсрэг үзэлтэй улстөрч байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийг Унгараас гаргахыг ил тод шаардаж байснаараа алдартай байв.

Энэ удаагийн сонгууль өнгөц харахад чөлөөт, шударга болсон мэт. Гэсэн ч бодит байдал дээрээ тойргуудад холион бантан зохион байгуулсан, хэвлэл мэдээллүүд хэт нэг талыг барьсан гээд шударга бус зүйлс ч байсан. Эрх баригчдад давуу тал олгосон энэ тоглоом Мадьярт тийм ч таатай байгаагүй аж.

Унгарчуудын хувьд, тэр дундаа Орбаны засаглал дор өсч торнисон залуусын хувьд Мадьярын ялалт удаан хүлээсэн мөч байжээ.

Орбаны үнэнч дэмжигчээс түүний дайсан болж хувирсан Мадьярын замнал маш хурдан өрнөсөн байдаг. Нарийн хэлбэл, тэрбээр ердөө хоёрхон жилийн өмнө Орбаны Фидес намын гишүүн байсан.

Түүгээр ч үл барам Фидес намын ирээдүйтэй улстөрчдийн нэг гэгддэг байсан Жүдит Варгатай гэрлэжээ. Тэд Бельгийн Брюссельд 10 орчим жил амьдарсны эцэст 2018 онд гурван хүүгийнхээ хамтаар Будапештэд буцаж ирсэн.

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Мадьярын эхнэр Варга нь Брюссельд байх үедээ Европын парламент дахь Фидес намын гишүүн байжээ. Тэрбээр Будапештэд эргэн ирснийхээ дараа жил Орбаны засгийн газрын Хууль зүйн сайдаар томилогдож, 2023 онд энэ албан тушаалаасаа буусан байна. Улмаар 2024 оны Европын парламентын сонгуульд Фидес намыг удирдахаар болсон. Гэвч тухайн үед ерөнхийлөгч Каталин Новак насанд хүрээгүй хөвгүүдийн хүчирхийллийг нуухад оролцсон хэрэгт буруутгагдсан албан тушаалтанд өршөөл үзүүлсэн нь ил болсон юм. Эрх баригч нам өөрсдийгөө гэр бүлд ээлтэй, хүүхдийг хамгаалагч гэж тодорхойлдог. Тиймээс ерөнхийлөгчийн өршөөлийн хэрэг Фидес намыг донсолгож, Варга огцорсон. Варга огцорсон нь Орбаны шахалт байсан гэж олон хүн үздэг.

Орбаны хоёр нүүр илэрсэн ийм цаг үед түүнийг сорих хэн нэгэн хэрэгтэй байжээ. Яг энэ үед Мадьяр улс төрийн тайзнаа гарч ирсэн гэдэг.

Мадьяр 2024 оны хоёрдугаар сард Унгарын “Partizan” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Орбан болон түүний холбоотнууд энэ дуулианаар эмэгтэйчүүдийн ард нуугдсан” гэж буруутгажээ. Мөн засгийн газарт ойр байсан хүний хувьд өөрийн мэдэх зүйлсээ дэлгэсэн юм. Түүний хэлснээр Унгар улсад хэдхэн гэр бүл бүх эрх мэдэл, эд хөрөнгийг эзэмшдэг. Энэхүү видео ярилцлага нь 10 сая хүрэхгүй хүн амтай улсад гурван сая орчим үзэлт цуглуулжээ.

Үүнээс нэг жилийн дараа Мадьяр Тисза намд элсэж, удалгүй удирдагч нь болсон байна. Түүний удирдлага дор Тисза нам 2024 оны зургадугаар сард болсон Европын парламентын сонгуульд бараг 30 хувийн санал авч, Мадьяр өөрөө Европын парламентын гишүүн болсон.

Ийнхүү Орбанаас залхсан ч итгэж болох сөрөг хүчингүй байсан унгарчууд бодит сонголттой болжээ.

Мадьяраас хойш намын гишүүдийн тоо эрс өссөн. Тисза гэдэг нь хүндлэл ба эрх чөлөө гэсэн хоёр үгний товчлол бөгөөд Унгарын томоохон голын нэр юм.

Орбан, Мадьяр нарын сонгуулийн кампанит ажлын мөрийн хөтөлбөр ихээхэн ялгаатай байв. Тодруулбал, Орбан ихэвчлэн гадаад бодлого, дэлхийн удирдагчидтай харилцах харилцаанд төвлөрсөн бол Мадьяр Унгарын эдийн засаг, авлига зэрэг дотоод асуудлыг илүү анхаарч, авч хэлэлцжээ. Орбаныг дэмжигчид түүнд үндэсний тусгаар тогтнолыг хамгаалагч гэсэн алдар хайрласан байдаг. Гэвч Мадьяр үүнийг үгүйсгэж, “Энэ бол эрх мэдлийн машиныг нуун далдлах, асар их хөрөнгө хуримтлуулах зорилготой гоёчилсон тайлбар” гэжээ.

Тисза намыг удирдах болсноосоо хойш Мадьяр ард түмэнтэй шууд харилцаа тогтоохоор олон хот, суурингаар явсан бөгөөд энд тэнд илтгэл тависныхаа дараа иргэдийн санаа бодлыг хэдэн цагаар ч хамаагүй тогтож сонсдог байсан.

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

Мадьяр өөрөө Фидес намд хүчин зүтгэж үзсэн, системээ сайн мэддэг хүн учир Орбаны цохилтоос урьдчилан сэргийлэх, довтлох найдвартай арга боловсруулж чадсан гэж үздэг.

Фидес нам түүнийг харлуулахаар нэг бус удаа оролдсон ч Мадьяр тухай бүрт нь няцаалт хийсэн. Тухайлбал, Орбаны нам өнгөрсөн хоёрдугаар сард Мадьярын хуучин найз бүсгүйтэйгээ байгаа бичлэгийг нийтэд цацаж, шантаажлах зорилготой байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ үед Мадьяр мэдэгдэл хийхдээ “Тийм ээ, би 45 настай эрэгтэй хүн. Надад бэлгийн амьдрал бий. Гэхдээ насанд хүрсэн хүнтэй шүү. Фидесийн аймхайчууд аа, хүссэнээ ил гарга” гэжээ. Гэхдээ тийм бичлэг одоогоор нийтэд ил болсон зүйл алга.

Орбан өнгөрсөн жил Будапештийн “Pride” жагсаалыг хориглоход Мадьяр “Засгийн газар айдас төрүүлж, биднийг хуваахыг оролдож байна. Бүх унгарчуудыг төлөөлөх тийм л ерөнхий сайд хэрэгтэй байна” гэж хэлж байжээ.

Мадьяр Украины асуудалд ч болгоомжтой хандсан. Тодруулбал, тэрбээр кампанит ажлынхаа туршид гадаад бодлогын талаар бараг яриагүй. Ингэснээрээ Фидес намын нэрлэсэн Европын либерал улстөрч гэсэн дүрээс зайлсхийжээ. Мэдээж Украины асуудал дээр дуугарахгүй байгааг нь зарим хүн мушгин шүүмжилсэн. Түүнийг Орбаны нэгэн адил Европын холбооны Украинд туслах бодлогыг саатуулна гэж зарим хүн таамаглаад байв.

Цаашид түүнийг Брюссельтэй харилцаагаа сайжруулна гэж олон нийт найдаж байна. Учир нь Европын комисс Унгарт ардчилал доройтсон гэх шалтгаанаар 18 тэрбум еврогийн санхүүжилтийг царцаасан бөгөөд энэ нь улсын эдийн засагт хүндээр нөлөөлж буй.

Эцэст нь, Орбаны олон жил давхарлан өрсөн тоосгыг Мадьяр нэг нэгээр нь нураах мөчийг унгарчууд хүлээж байна. Мэдээж үүнд цаг хугацаа, эрч хүч ихээхэн зарцуулагдана.

Орбаны зургийг ханандаа залсан СӨРӨГ ХҮЧИН

ЭХ СУРВАЛЖ: CNN, WIKIPEDIA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн