Унгарыг мафиас чөлөөлнө

Унгарын ерөнхий сайд Петер Мадьяр “Cleansing Fire” нэртэй өргөн хүрээтэй шинэчлэлийн хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлэв. Энэ нь ерөнхий сайд асан Виктор Орбаны нөлөөнд автсан төрийн тогтолцоог өөрчлөх зорилготой хөдөлгөөн юм. Уг шинэчлэлийн хөдөлгөөний хүрээнд эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн олон арга хэмжээ авах тухай Петер Мадьяр зургадугаар сарын 22-нд зарлав. Тэрбээр “Бид улс орноо сүүлийн 16 жилийн турш ноёрхож байсан улс төр, эдийн засгийн мафийн олзлолтоос чөлөөлөх болно” гэжээ.

Төлөвлөгөөний дагуу Унгарын засгийн газар шинэ Үндсэн хууль баталж, улсын байгууллагуудад “цэвэрлэгээ” хийж, авлигатай тэмцэх шинэ алба байгуулна.

Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Тамаш Сулёкийгийг огцруулах нь шинэчлэлийн хөдөлгөөний гол түлхүүр юм. Унгарын ерөнхийлөгч албан ёсны эрх мэдэл багатай ч хууль тогтоомжийг парламентад буцаах, эсвэл Үндсэн хуулийн шүүхэд шилжүүлэх замаар батлагдах явцыг нь удаашруулах боломжтой. Сулёк огцорсон тохиолдолд дараагийн ерөнхийлөгчийг дээд тал нь таван жилийн хугацаатай сонгохоор Мадьярын төлөвлөгөөнд тусгажээ.

Мөн шүүгчдийн насны хязгаарыг 70 хэмээн тогтоож, Орбаны холбоотон Петер Полтыг ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь буулгах, хууль тогтоогчдын бүрэн эрхийн хугацааг 12 жилээр хязгаарлах тухай төлөвлөгөөнд тусгасан байна.

Виктор Орбан 16 жил засагласны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард Мадьярт ялагдлаа хүлээсэн. Өнгөрсөн он жилүүдэд Орбаны Фидес нам Унгарын бараг бүх эрх мэдлийн хөшүүргийг хяналтдаа авсан юм. Мадьярын засгийн газар Орбаныг авлигыг түгээн дэлгэрүүлсэн, Унгарыг Оростой ойртуулсан, Европын холбоонд зөрчил үүсгэсэн гэж буруутгаж буй.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн