ОХУ жил бүр хүн амынхаа ойролцоогоор гуравны нэгийг ХДХВ-ийн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эрүүл мэндийн сайд нь мэдэгдлээ. Энэ нь вирусийн тархалтыг бууруулахад чухал гэж үзэж байна. Тодруулбал, эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Баасан гаригт (2026.04.17) болсон яамны хурал дээр энэ мэдэгдлийг хийжээ. Тэрбээр ДОХ үүсгэдэг вирусийн тархалтыг бууруулахын тулд, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамруулан шинжилгээг өргөжүүлэх нь чухал гэж онцолсон байна.
ОХУ одоогоор Европт ХДХВ-ийн халдварын түвшнээр хамгийн өндөр орнуудын нэг хэвээр байна. Шинжилгээний тоо рекорд хэмжээнд хүрсэн ч халдварын тоо нэмэгдсээр байгаа юм. Засгийн газрын мэдээллээр 2024 онд 54 сая гаруй хүн буюу нийт хүн амын 37 хувь нь ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдсан. Энэ нь сүүлийн дор хаяж 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
ДЭМБ-ын мэдээллээр ОХУ-д 100 мянган хүн тутамд 890 ХДХВ-ийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ үзүүлэлт нь Африкийн зарим оронтой ойролцоо бөгөөд Франц, Их Британи, Швед зэрэг Европын орнуудтай харьцуулахад нэлээд өндөр юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр, 2025 онд ОХУ-д ХДХВ-тэй амьдарч буй хүмүүсийн тоо 35 мянгаар нэмэгдэж, нийтдээ 1.25 саяд хүрсэн байна.
Эрүүл мэндийн албаныхан халдвар авах эрсдэл өндөр хэвээр байгааг мөн анхааруулав. 15–50 насны насанд хүрэгчдийн дунд 1 хувиас илүү нь халдвартай бөгөөд 40–45 насны эрэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт илүү өндөр байна. Түүнчлэн ХДХВ-тэй бүх хүмүүс эрүүл мэндийн системд бүртгэлтэй байдаггүй гэж албаныхан мэдэгдсэн. 2025 онд ойролцоогоор 900 мянган хүн л албан ёсоор эмнэлгийн хяналтад байсан нь зарим халдвартай хүмүүс эмчилгээ авч чадахгүй байж болзошгүйг харуулж байна.
Мурашко хэлэхдээ, шинжилгээг өргөжүүлж, халдварыг эрт илрүүлэх нь вирусийн цаашдын тархалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.