Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Баасан гаригт /2026.04.17/ Ормузын хоолой бүрэн нээгдэж буйг зарлав. Тэрбээр “Х” хаягаараа жиргэхдээ “Ливанд гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг арилжааны тээвэрлэлтэд бүрэн нээж байна. Хөлөг онгоцнууд Ираны Боомтууд болон далайн байгууллагын зарласан зохицуулалттай маршрутаар явна” гэжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Ормузын хоолой бизнест бүрэн нээлттэй байгаа ч АНУ Ираны боомтуудыг хаасан хэвээр байх болно” гэж мэдэгдсэн байна.
Ормузын хоолой нээгдэж буй мэдээний дараа брент маркын газрын тосны үнэ баррель нь 90 ам.доллар болж буурав. Өдрийн эхээр баррелийн үнэ нь 98 ам.доллар байжээ. Харин мөргөлдөөнөөс өмнө брент маркын газрын тосны үнэ баррель нь 70 орчим ам.доллараар арилжаалагдаж байв. Улмаар гуравдугаар сард оргил үедээ 119 ам.доллар давсан.
Газрын тосны үнэ буурснаас гадна Европ болон АНУ-ын хөрөнгийн зах зээл ч өсөөд байна. Парис дахь “CAC” болон Франкфуртын “DAX” хоёулаа хоёр хувиас дээш өсчээ. Харин Лондонд “FTSE”-ийн өсөлт 0.5 хувьтай байна.
Ормузын хоолой нээгдэж буйг дэлхийн удирдагчид сайшааж буй ч урт хугацааны шийдэл хэрэгтэйг онцолж байна. Франц, Их Британи улсууд хоолойг хязгаарлалтгүйгээр нээсэн цагт далайн тээврийн эрх чөлөөг хамгаалах олон улсын даалгаврыг удирдана гэж мэдэгджээ.