ОХУ, Хойд Солонгосыг холбосон “Нөхөрлөл” гүүрийг нээх ёслолын ажиллагаа дөрөвдүгээр сарын 21-нд болсон. Тэгвэл гүүрний ажил бүрэн дуусах дөхөж байгааг “BBC” агентлаг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ. Хиймэл дагуулын зургаас харахад тус гүүр лүү нэвтэрдэг хэд хэдэн зам, хилийн шалган нэвтрүүлэх цэг, дэмжлэгийн дэд бүтэц, машины зогсоол зэрэг бүтээн байгуулалт хэдийнэ хийгдсэн байна.
Гүүрний ажил зургадугаар сарын 19 гэхэд бүрэн дуусна гэж Хойд Солонгосын тал мэдэгджээ.
Энэ гүүр нь хоёр улсын хувьд цэргийн бараа бүтээгдэхүүн, техник хэрэгсэл, сум зөөхөд нэн чухал ач холбогдолтойг “Chatham House” байгууллагын мэргэжилтэн Эдвард Хоуэлл хэлжээ.
“Нөхөрлөл” гүүрийг барих хэлэлцээг Владимир Путин 2024 оны зургадугаар сард Пёньянд айлчлах үед талууд хийсэн. Үүнээс нэг жил орчмын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж, улмаар өнгөрсөн сард албан ёсны нээлтийг хийсэн юм. Бүтээн байгуулалт хурдацтай явагдсан нь хоёр улсын худалдаа хэдий чинээ идэвхтэй байгааг харуулна гэж Стратегийн болон олон улсын судалгааны төвийн мэргэжлтэн Виктор Ча хэлжээ.
Хоёр улсын дунд орших Түмэн гол дээгүүр гаталсан уг гүүрээр өдөрт 300 тээврийн хэрэгсэл, 2850 хүн зорчих боломжтой. Гүүрний бүтээн байгуулалтын зардал есөн тэрбум рубль буюу 120 сая ам.доллар давсныг Оросын төрийн хэвлэлд мэдээлжээ.