Украины банкны бэлэн мөнгө ба алтыг буцаан өгчээ

КИЕВ, 2026 оны тавдугаар сарын 7 /DW/. Гуравдугаар сард Будапештэд хураан авсан мөнгө ба алтан гулдмайнуудыг Унгарын тал Украины “Ощадбанк”-нд хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч В.Зеленский нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд “энэ бол хоёр орны харилцаан дахь чухал алхам” дүгнэжээ.

“Бүтээлч бөгөөд соёлжин иргэншсэн алхам хийсэн Унгарын талд талархал илэрхийлье. Улс орныхоо эрх ашгийг хамгаалан, шударга шийдвэр гаргуулахын төлөө тэмцсэн багийнханд баярлалаа” гэж тэрбээр бичсэн байна.

Дөрөвдүгээр сард болсон Унгарын парламентын дүнг зарласны дараа Украины ерөнхийлөгч хэлэхдээ, “Ощадбанк”-ны бэлэн мөнгө ба алтыг эргүүлэн авах асуудлыг сонгуульд ялсан “Тиса” намын дарга Петер Мажартай ярилцаж байгааг дурдсан юм.

Болсон явдлыг сануулан дурдахад, гуравдугаар сарын 5-ны өдөр “Ощадбанк”-ны 9 кг алт, 40 сая доллар, 35 сая еврог тээвэрлэж явсан тус банкны хоёр автомашиныг Унгарын тал саатуулсны дараа мөнгө угаасан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөэ бэлэн мөнгө ба үнэт металлыг тээвэрлэх ажиллагааг Украины Аюулаас хамгаалах албанд ажиллаж байсан генерал болон цэргийн ажиллагааны туршлага бүхий хэд хэдэн хүн зохион байгуулсан гэж үзжээ.

Харин “Ощадбанк” хариу мэдэгдэл хийж, Австрийн “Райффайзенбанк”-тай байгуулсан олон улсын гэрээний дагуу бэлэн мөнгө ба үнэт металлыг тээвэрлэж байсан гэсэн байна. Маргааш өдөр нь мөнгө тээвэрлэгч хуягласан машины 7 хамгаалагч эх орондоо эргэн иржээ.

Харин Украины тал Виктор Орбаны засгийн газарт хандан, бэлэн мөнгө ба үнэт металлыг буцаан өгөхийг шаардсаар байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн