ОХУ сүүлийн 24 цагийн хугацаанд Украин руу бараг 1000 дрон харвасныг Киев мэдэгдэв. Эдгээрээс 550 гаруй дроныг нь өдрийн цагаар харважээ. Сүүлийн саруудад байгаагүй өргөн цар хүрээтэй халдлагын улмаас дор хаяж найман хүн нас барж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн 1000 орчим дроноос дор хаяж 541-ийнх нь цохилтыг Украин саатуулж чаджээ.
Ивано-Франкивск дахь төрөх эмнэлэг, орон сууцны барилгууд, Львов дахь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтсан Бернадин сүмийн цогцолбор зэрэг чухал байгууламжууд цохилтод өртсөн байна. Бернадин сүмийн цогцолбор нь 16 дугаар зууны үед хамаарах түүхийн дурсгалт газар юм.
Түүнчлэн хөрш Молдав улсыг Европтой холбосон гол цахилгаан дамжуулах шугам тасарч, тус улс онц байдал зарлахад хүрсэн байна. Запорожье руу чиглэсэн өөр нэг цахилгаан дамжуулах шугам тасарсан гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлаг мэдээлэв.
Энэ талаар Зеленский мэдээлэхдээ “Оросууд орчин үежүүлж өөрчилсөн шахед дроноор Львов дахь сүмд халдлаа. Энэ бол туйлын гажуудал. Путин шиг хүн л ийм зүйлээс таашаал авна. Энэ мэт халдлага нь Орост дайныг дуусгах чин эрмэлзэл байхгүйг тодорхой харуулж байна” гэжээ.