МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Канадын хоккейчин Кейл Макар Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Колорадо Эвеланш” багтай гэрээ байгуулсан нь тус лигийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ боллоо.
Ирэх улирлаас хэрэгжих 8 жилийн хугацаатай гэрээний дагуу К.Макар жилд дунджаар 20.4 сая долларын цалин авах бөгөөд энэ нь 8 жилд 163.2 сая доллар болж байна.
Спортын сэтгүүлч Эллиот Фридманы Х нийгмийн сүлжээнд бичсэнээр бол, 20 сая доллароос дээш цалинтай NHL лигийн анхны тоглогч бол Макар юм. Түүнээс өмнө 7 дугаар сарын 29-нд “Сан-Хосе” багийн канад довтлогч Маклин Селебрини жилийн 18.8 сая долларын цалинтай, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь лигийн хувьд рекорд үзүүлэлт байв.
Өдгөө 27 настай Макарыг “Колорадо” баг 2017 онд драфтын 4 номероор сонгож авчээ. Тэрбээр 2019/2020 оны улиралд шилдэг шинэ тоглогчид олгодог “Колдер Трофи” шагналыг хүртсэн байна. Мөн 2022 оны Стэнли цомд аваргалж, шилдэг хамгаалагчид олгодог “Жеймс Норрис Трофи” шагнал, плей-оффын хамгийн үнэ цэнтэй тоглогчид олгодог “Конн Смайт Трофи” шагналын эзнээр тодорч байв. Түүнчлэн Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 оны ДАШТ-нд түрүүлж, 2026 оны өвлийн Олимпын наадмаас мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр одоогийн байдлаар NHL лигийн аварга шалгаруулах тэмцээний нийт 470 тоглолтод оролцохдоо 136 шайб оруулж, 371 оновчтой дамжуулалт өгөөд байна.