АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан байсан “New START” цөмийн гэрээний хугацаа хоёрдугаар сарын 5-нд дууссан. Ийнхүү том гүрнүүдийн хоорондох зэвсгийн өрсөлдөөн ширүүсч магадгүй нөхцөл байдал үүсээд буй нь Хойд Солонгост цөмийн амбицаа өргөжүүлэх сэдэл болж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсэг нь үндэсний аюулгүй байдлын хамгийн найдвартай баталгаа хэвээр байгаа гэсэн Ким Жон Уны итгэл үнэмшил улам бэхжсэн байх магадлалтай.
2010 онд байгуулсан “New START” гэрээ нь хоёр гүрний стратегийн цөмийн цэнэгт хошууны тоог 1550-иар хязгаарлах замаар цөмийн сүйрлийн эрсдэлийг бууруулах зорилготой байсан. Нэгэн зорилго дор дэлхийн цөмийн зэвсгийг хянаж байсан гол тулгуур гэрээ Орос, Украины дайнаас хойш ганхаж эхэлжээ.
Хойд Солонгос улс олон улсын хориг арга хэмжээний хажуугаар цөмийн зэвсгээ тасралтгүй хөгжүүлэхээр эрмэлзсээр ирсэн. Энэ стратегиэрээ Ким Жон Ун АНУ-тай хийх хэлэлцээнд давуу тал олж авах зорилготой гэж үздэг.
Одоогийн нөхцөл байдал Хойд Солонгосын хувьд хоёр иртэй илд мэт байгааг Солонгосын үндэсний нэгдлийн институтийн ахлах судлаач Чо Хан Бум хэлэв. Тэрбээр “АНУ, ОХУ-ын цөмийн гэрээ дуусгавар болсон тул Хойд Солонгос одоо Трампын удирдлага дор Вашингтоны байр суурь хэрхэн өөрчлөгдөх бол гэж харж байгаа. Дэлхийн зэвсгийн хяналтын хэм хэмжээ суларснаар Пёньянд өөрсдийгөө зөвтгөх боломж үүснэ” гэжээ.