АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааг зөвтгөхдөө Хойд Солонгосоор жишээ татжээ. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны сонсголын үеэр “Ираны цөмийн зэвсэг бүтээх стратеги нь Хойд Солонгосынхтой төстэй. Тэд цөмийн хөтөлбөрөө хамгаалахын тулд пуужингаа их хэмжээгээр хөгжүүлэх тактик баримталж байна. Хойд Солонгос бол сургамж. Бүгд л Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэж боддог байсан. Билл Клинтоны засаглалын үед тэд маш олон баллистик пуужинтай болсон. Ийнхүү пуужингаар бамбай хийснээрээ дэлхий дахинд ‘Бид цөмийн зэвсэгтэй болно. Та нар юу ч хийж чадахгүй’ гэж хэлэх боломжтой болсон” гэжээ.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх Трампын шийдвэр нь тэдэнд цөмийн зэвсэг бүтээх боломж олгохгүй гэсэн зоримог алхам гэж Пит Хегсэт тодорхойлов.
“Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болбол түүнийгээ ашиглана. Энэ заналхийллийн мөн чанарыг америкчууд ойлговол дэмжинэ гэж би бодож байна” гэж тэр хэлжээ.
Трамп өнгөрсөн жилийн цохилтоор Ираны цөмийн байгууламжууд бүрэн устсан гэж мэдэгдэж байв. Пит Хегсэт энэ мэдээллийг батлаад “Тэр байгууламжууд бөмбөгдөлтөд өртөж, устсан. Гэхдээ тэдний зорилго хэвээр, тэд уламжлалт пуужингийн бамбайгаа хөгжүүлж байна. Энэ бол Хойд Солонгосын стратеги. Тэд уламжлалт пуужин ашиглан хэнийг ч өөрсдийнхөө өмнөөс босохооргүй болгож байна. Ингэснээр цөмийн зэвсэгтэй болох үйл явцыг аажмаар урагшлуулсан” гэв.
Дашрамд дурдахад, АНУ Ираны эсрэг дайнд ойролцоогоор 25 тэрбум ам.доллар зарцуулаад буйг Пентагоны Санхүүгийн асуудал хариуцсан түр орлон гүйцэтгэгч Жюлс Херст мэдэгджээ.