Оросын хамгийн ойрын цэргийн холбоотон Беларусь улс хэдхэн хоногийн өмнө Сувалкийн зурвасын ойролцоо томоохон цэргийн сургуулилалт хийсэн. Энэхүү зурвас нь НАТО-ийн бүрэлдэхүүнд багтдаг Балтын орнуудыг Европын бусад хэсэгтэй холбодог цорын ганц хуурай газрын гарц юм. Нарийн төвөгтэй газар зүйн байршлаасаа болоод Сувалкийн зурвас нь НАТО-гийн хамгийн эмзэг цэгүүдийн нэг байсаар иржээ.
Сувалкийн зурвас дахь сургуулилалт бол Европт түгшүүр төрүүлж буй олон үйл явдлын нэг. Энэ мэтчилэн Европ даяар түгшүүр нэмэгдэх болсон тул улс орнууд дор бүрнээ аюулгүй байдлын арга хэмжээ авч эхэлсэн.
Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улс төрийн удирдагчдаа нууц тагнуулын мэдээллийн уулзалтад дуудаж, Оросын эрлийз халдлагаас хамгаалах арга хэмжээ авахаа зарласан. Польшийн ерөнхий сайд Дональд Туск ч Европын аюулгүй байдалтай холбоотой анхааруулга саяхан хэлсэн билээ. Тэрбээр “Орос улс НАТО-гийн орнуудын эсрэг нисгэгчгүй онгоц болон пуужингийн халдлага үйлдээд, үүнийгээ санамсаргүй осол мэт харагдуулах магадлалтай” гэсэн юм. Харин Их Британи улс болзошгүй дайнд бэлтгэлтэй байж, лаазалсан хүнс болон ундны ус нөөцлөхийг иргэддээ зөвлөжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны албан тушаалтан “Их Британи сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй хамгийн аюултай үетэйгээ нүүр тулж байна” гэж хэлсэн. Мөн Герман улс Оросын болзошгүй халдлагын нөхцөлд эмнэлгүүдээ бэлтгэж байна. Тус улсын канцлер Фридрих Мерц Европ тивийн эрх чөлөө, энх тайвныг хамгаалах шийдвэрлэх мөчүүд ирж байгааг анхааруулжээ. Тэр ч байтугай төвийг сахисан байр сууриараа алдартай Швейцарь улс хүртэл үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги баталж, зэвсэгт халдлагаас өөрийгөө хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Дональд Трамп Польшид АНУ-ын армийн байнгын бааз байгуулах ажилд ахиц гарч байгааг гэнэт мэдэгдсэн билээ.
Эдгээр арга хэмжээг харвал Европын орнууд ОХУ-ыг Украин дахь дайнаа улам өргөжүүлж магадгүй гэж түгшиж байна.
ӨРГӨЖИЖ БУЙ БАЙЛДААНЫ ТАЛБАР
Оросын дайн өргөжин тэлэх аюул ойрхон байгаа нэг жишээг АНУ саяхан харлаа. Тодруулбал, АНУ-ын холбооны прокурорууд Оросын тагнуулын байгууллагатай холбоотой ажилласан гэх таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэднийг дэлхий даяар, тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага болон аллага зохион байгуулахаар төлөвлөсөн сүлжээнд оролцсон гэж буруутгаж байна. Прокуроруудын мэдээлснээр, уг сүлжээнийхэн Европын орнуудад энгийн иргэд болон цэргийн байгууламжийг онилсон халдлагуудыг зохион байгуулахыг даалгаж байжээ.
Таван хүнд ял тулгасан энэ хэрэг нь Европын орнуудын Оростой холбоотой гэж өргөн хүрээнд харддаг сүүлийн үеийн түгээмэл дүр зургийг илтгэнэ. Үүнд, кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, галдан шатаалт, дронтой ажиллагаа болон чухал дэд бүтцийн эсрэг халдлагууд багтана. Герман улс л гэхэд өнгөрсөн сард гарсан нисэх буудлын халдлагыг Оростой холбоотой гэж буруутгасан.
Орос улс ийм төрлийн ажиллагааг уламжлалт дайн эхлүүлэх хэмжээнд хүргэлгүйгээр явуулах боломжтой байгаа нь НАТО-гийн өмнө тулгарч буй стратегийн сорилт юм.
Өөрөөр хэлбэл, НАТО-гийн агаарын орон зайд дрон оруулах, нисэх буудлын үйл ажиллагааг тасалдуулах, дэд бүтцийг сүйтгэх, гэмт хэргийн сүлжээ ашиглан аллага үйлдэх зэрэг нь бүгд үгүйсгэх боломжтой саарал бүсийн ажиллагаа. Путин тодорхойгүй байдал болон үгүйсгэлтийг зэвсэг болгон ашиглаж, НАТО-гийн шийдэмгий байдлыг туршсаар байна. Ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг дээрээ НАТО өөрөө ч хуваагдмал байгааг тэр мэдэж байгаа.
Гэхдээ Путин одоогийн арга барилаасаа татгалзаж, барьцаа ахиулахаар шийдвэл яах вэ?
Сувалкийн зурвас бол энэ асуултад өгч болох нэг хариулт. Тус зурвас нь Польш, Литвийн хооронд орших ойролцоогоор 104 км орчим урт хилийн бүс юм. НАТО-ийн бүрэлдэхүүнд байдаг Балтын орнууд буюу Литва, Латви, Эстонийг НАТО-гийн бусад хэсгийг холбодог цорын ганц хуурай замын холбоос болох тус бүс рүү ОХУ дангаараа, аль эсвэл Беларусьтай хамтран цэргээ оруулахыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд Путин үүнийг НАТО-гийн улсын эсрэг ил тод халдсан дайралт биш гэж батлах болов уу. Харин ч үүнийгээ хязгаарлагдмал ажиллагаа гэж нэрлээд, ОХУ хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийг хүсээгүй гэж мэдэгдэж магадгүй.
НАТО ямар нэг хариу арга хэмжээ авбал цөмийн дайныг өдөөнө гэж ОХУ албан бусаар сүрдүүлэх ч магадлалтай.
Ийм зүйл боллоо гэхэд үүний цаад зорилго нь Сувалкийн зурвасыг таслах, НАТО-г Балтын жигүүрээс нь салгах биш юм. Харин НАТО-ийн орнуудын харилцан батлан хамгаалах үүрэг амлалтыг сулруулахад Оросын зорилго орших байх.
НАТО-гийн 32 улс жижигхэн газар нутгийг буцаан авахын тулд Оростой дайтахыг зөвшөөрөх үү? АНУ-ын ерөнхийлөгч Литвийн төлөө цөмийн зэвсэгтэй гүрэнтэй сөргөлдөх эрсдэл гаргах уу? Герман, Франц улсууд хэрхэх вэ? Эдгээр асуултад баттай хариулах боломжгүй.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэ нэгэнтээ “НАТО ийм хувилбарын тогтмол сургуулилалт хийдэг. Аливаа халдлага гарвал асар хүчтэй хариу үзүүлнэ” гэсэн байдаг. Гэхдээ Путин үүнд итгэж байгаа болов уу.
АНУ-ын засаг захиргаа Канад зэрэг хамгийн ойрын холбоотонтойгоо хүртэл арсалдах болсон энэ цаг үед НАТО-ийн амлалт найдвартай сонсогдохгүй байгаа нь асуудлын гол юм.
Украин орчин үеийн дайн гэж юу болохыг Европт зааж өгч байна. Улс орнуудад зөвхөн цэргийн техник хэрэгсэл хангалттай биш. Тэдэнд халдлагыг тэсвэрлэх цахилгаан эрчим хүчний сүлжээ, олон тооны шархадсан хүмүүсийг хүлээн авах чадвартай эмнэлэг, нөөц холбооны систем, хэвийн ажиллах тээврийн сүлжээ, найдвартай төрийн байгууллага хэрэгтэй.
НАТО-гийн албаныхан өдгөө Оросын тасралтгүй халдлагын дор украинчууд үндсэн үйлчилгээгээ хэрхэн хэвийн ажиллуулж чадсаныг судалж байна. Украин НАТО-оос сурдаг цаг өнгөрч, НАТО Украинаас сургамж авч байна. Түрэмгийлэлд сүйрлийн хариу өгнө гэж амлахаас илүү түрэмгийлэл амжилтад хүргэхгүй гэдгийг харуулах нь өнөө цагт илүү үр дүнтэй.
