Малайз: Залилан үйлдсэн гэх 2251 сэжигтнийг баривчилжээ

Малайзын цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, нийт 2,200 гаруй сэжигтнийг баривчилжээ.  Энэхүү ажиллагаа нь Зүүн өмнөд Азийн бүс нутагт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй цахим болон утасны залилангийн сүлжээтэй тэмцэх томоохон алхам болж байна. Цагдаагийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд улс даяар зохион байгуулсан нэгжлэг, дайралтын үеэр нийт 2,251 хүнийг залилангийн үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй хэмээн баривчилсан. Тэдгээрийн дунд Малайзын иргэдээс гадна олон тооны гадаадын иргэн байсан нь энэ төрлийн гэмт хэрэг олон улсын шинжтэй болсныг харуулж байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын сүүлчээс хоёрдугаар сарын эхэн хүртэл явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчлагдсан 430 сэжигтний 270 нь гадаадын иргэн байсан.

Тэдний дунд Хятад, Индонезийн иргэдээс гадна Японы таван иргэн байв. Энэ нь залилангийн бүлэглэлүүд гадаад иргэнийг гэмт хэрэгтээ татан оролцуулах, зарим тохиолдолд хуурч мэхлэн албадан ажиллуулах явдал ч байж болзошгүйг мөрдөн шалгах байгууллагаас анхааруулсан юм. Мөн эдгээр бүлэглэлүүд энгийн орон сууц, оффисын барилга, агуулах зэрэг газрыг зориудаар өөрчлөн засварлаж, гаднаас харахад энгийн үйл ажиллагаа явуулж буй мэт халхавчлан ашиглаж байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Дотор нь олон арван компьютер, гар утас, серверийн төхөөрөмж байрлуулж, олон улсын дуудлага хийх, цахим сүлжээгээр хуурамч профайл үүсгэх зэргээр зохион байгуулалттайгаар залилан үйлддэг байжээ.

Мөрдөн шалгалтаар эдгээр бүлэглэл ихэвчлэн “хөрөнгө оруулалт өгнө”, “цахимаар танилцана”, “ажилд зуучилна” зэрэг худал мэдээлэл тарааж, хохирогчдыг онилдог нь тогтоогдсон байна. Зарим тохиолдолд хохирогчдыг сэтгэлзүйн дарамтад оруулж, удаа дараа мөнгө шилжүүлэхэд хүргэдэг нарийн зохион байгуулалттай схем ашигладаг байжээ.

Сүүлийн жилүүдэд Камбож, Мьянмар зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад ч мөн адил залилангийн сүлжээ өргөжиж, олон улсын анхаарлыг татах болсон. Улмаар эдгээр улс орны хууль хүчний байгууллага хамтарч хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллагаагаа эрчимжүүлж, мэдээлэл солилцох, баривчлах ажиллагаа явуулах зэргээр хяналтаа чангатгаж байна.

Цаашид ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам эрчимжүүлж, ялангуяа гадаадын иргэдийг оролцуулсан зохион байгуулалттай сүлжээг илрүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ Малайзын эрх баригчид мэдэгдлээ.

Мөн олон нийтэд хандан үл таних эх сурвалжаас ирсэн хөрөнгө оруулалтын санал, цахим харилцаанд болгоомжтой хандахыг анхааруулж байна. Энэхүү ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд залилангийн гэмт хэргийн эсрэг тэмцэл эрчимжиж байгааг илтгэж байгаа бөгөөд цаашид олон улсын хамтын ажиллагаа илүү чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MALAYSIAN RESERVE

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн