Мехико хот аажмаар “живж” байгаа нь сансраас ажиглагджээ. НАСА-ын хүчтэй радарын системийн дүрслэлээс харахад хотын зарим хэсэг сард 1.3 см-аас илүү доошилж байгаа нь тус хотыг дэлхийн хамгийн хурдан живж буй нийслэлүүдийн нэг болгож байна. Мехико хот эртний нуурын ёроол дээр баригдсан бөгөөд аквифер гэж нэрлэдэг газрын доорх усны том нөөцтэй. Энэ нь тус хотын 22 сая оршин суугчдын ундны усны хэрэгцээний 60 орчим хувийг хангадаг.
Гэвч олон жилийн турш энэ усыг их хэмжээгээр татаж, зохисгүй ашигласнаас болж газрын доорх давхарга тулгуураа алдаж, нурж эхэлжээ.
Улмаар хот доош суух эрсдэл нэмэгдсэн байна. Мөн гүний усны зохисгүй хэрэглээ нь хэрэглээний усны хомсдол үүсгэж, цаашдаа цоргоноос ус гарахгүй болох эрсдэлтэй болжээ. Хот хурдацтайгаар суулт өгч байгаа нь тасралтгүй үргэлжлэх хотжилтоос шалтгаалж байна. Тэр дундаа шинэ дэд бүтэц нь шаварлаг хөрсөн дээр нэмэлт жин өгч байна. Мехико хотын суулт анх 1920-иод онд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш зам эвдэрч, барилга байгууламж хазайж, галт тэрэгний системд гэмтэл учрах зэргээр оршин суугчид нөлөөллийг нь мэдэрсэн.
НАСА болон Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага хоорондын төсөл болох “NISAR” хиймэл дагуулын шинэ зургууд нь асуудлын цар хүрээг гайхалтайгаар нарийвчлан харуулсан байна. “NISAR” нь дэлхийн хамгийн нарийн төвөгтэй үйл явцын заримыг нь газрын зурагт буулгах зориулалттай бөгөөд хуурай газрын суулт, живэлт зэрэг хөдөлгөөнийг хянах чадвартай.
НАСА-гийн мэдээлснээр, энэ нь сансарт хөөргөсөн хамгийн хүчирхэг радарын системүүдийн нэг юм.
Улмаар “NISAR” нь Мехико хотын доорх хөрсний хөдөлгөөнийг зурагласан. Үүний үр дүнгээс харахад хотын зарим хэсэг сард ойролцоогоор 0.8 инч буюу жилд 9.5 инчээс илүү суулт өгч байгааг харуулж байна. Хамгийн их, хурдтайгаар суулт өгсөн газарт хотын гол нисэх онгоцны буудал болох Бенито Хуаресийн олон улсын нисэх онгоцны буудал оржээ. Мөн Мексикийн тусгаар тогтнолын 100 жилийн ойг тэмдэглэхээр 1910 онд баригдсан 35 метрийн өндөртэй Тусгаар тогтнолын сахиусан тэнгэрийн хөшөөний доорх хөрс суулт өгч байгаа бөгөөд ингэх хэрээр сууринд нь 14 шат нэмэх шаардлагатай болжээ.
Фламандын Технологийн судалгааны хүрээлэнгийн төслийн менежер, “NISAR” шинжлэх ухааны багийн гишүүн Дэвид Бекаерт хэлэхдээ, “Мехико хот бол газар нутаг нь хурдтайгаар живж байгаа хотуудын халуун цэг нь болсон. ‘NISAR’-аас авсан зургууд бол зөвхөн эхлэл юм. Ирээдүйд энэхүү технологи нь дэлхийн өнцөг булан бүрээс олон зүйлийг нээхэд эрдэмтдэд туслах болно” гэжээ. Энэхүү хиймэл дагуул нь мөсөн голын гулсалт, ургац хураалт зэрэг дэлхий дээрх бусад үйл явцыг, мөн галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийг хянах боломжтой.