Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшигтэй ярилцлаа. Түүний хувьд “Милан Кортина 2026” өвлийн олимпын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн спринт буюу богино зайн төрлийн медалийг гардуулсан юм.
-“Милан Кортина 2026” өвлийн олимпын гүйлтийн цанын тэмцээн эхэлсэн. Монголын хоёр тамирчин өрсөлдөж байна. Энэ удаагийн өвлийн олимп монголчуудад хэр ээлтэй болж байна?
–Монгол Улс бол өвлийн наадамд ордог улсуудын нэг. 90 улс, 90 олимпын хороо орж байгаа. Өвлийн олимпод оролцдог 90 улсын нэг нь байна гэдэг бол бахархам үйл явдал. Бээжингийн олимпод Монгол Улсаас хоёр тамирчин оролцсон бол одоо гурван тамирчинтай боллоо. Ирээдүйд улам нэмэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
Бээжингийн олимпод Б.Ачбадрахыг харсан. Одоо энд харж байна. 84 дүгээр байрнаас 79 рүү орж, олимпод таван байр урагшилна гэдэг маш том амжилт гэж харж байгаа.
-Энэ удаагийн өвлийн олимпод нэгэн түүхэн үйл явдал тохиож байгаа нь Монголын уулын цанын тамирчин анх удаагаа олимпын эрх авлаа?
-Уулын цанынхаа хэд дээр очсон. Бид нар саяхан Бормиод бэлтгэлтэй нь танилцсан. Энэ удаагийн олимпын нэг онцлог нь олон хотод болж байгаа болохоор хол зайтай байгаа.
Хорьхон настай залуу 2030 оны олимпод орно гэж төлөвлөж байсан ч 2026 онд олимпын тамирчин болчихлоо. Одоо 2030 онд медаль авахын төлөө хичээнэ гэдгийг сонсох сайхан байна. Тэрийг хараад маш их баярласан.
-Итали улс олимп хүлээн авахын хажуугаар Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулга уулзалтыг хийлээ. Энэ удаагийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?
-Тийм ээ, яг одоо ОУОХ-ы чуулга уулзалт үргэлжилж байна. Эхний өдрүүдэд бид ирэх жилүүдэд болох наадмуудын мэдээлэлтэй танилцлаа. Чуулган хараахан дуусах болоогүй байна. Сүүлийн өдрүүдэд дахин уулзалттай. Тамирчдын комиссын төлөөлөл ОУОХ-ны гишүүн болдог дүрэмтэй. Үүнтэй холбоотой комиссын төлөөллийг сонгох сонгууль тамирчдын хотхонд болж байгаа. Манай тамирчид ч саналаа өгсөн байх. 2018 оноос хойш найман жилийн дараа тамирчдын комиссын төлөөлөл солигдож, нэмэгдэж хоёр тамирчин орох юм байна лээ.

-Таны хувьд ОУОХ-ны гишүүн болоод багагүй хугацааг үлдлээ. Олимпын эрх авах, зохион байгуулах гэдэг хэр хариуцлагатай ажил байдаг юм бэ?
-Анх 2020 онд гишүүн болоод чуулган, хурал дээр нэг их санал бодлоо хэлдэггүй байлаа. Одоо зургаан жил болчихлоо. ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентри маш сайн ажиллаж байна.
Спорт, соёл, урлагаар дамжуулж олимпын хөдөлгөөний маркетинг хийж байна. Үүний нэг тод жишээ нь бид загварын шоунд оролцлоо. ОУОХ-ноос өнгөрсөн онд бидэнтэй холбогдоод олимпын загварын долоо хоногт оролцох боломжтой юу гэсэн асуусан. Учир нь манай Парисын олимпын хувцас маш амжилттай байж, олны анхаарлыг татаж чадсан. Бид ч дотоодын брендээ сонгохын тулд сонгон шалгаруулалт зарласан. Нээлт, хаалтын ёслолын хувцсыг хийх гэж Монголынхоо кашмерын компаниудтай холбогдож, эцэст нь “Гоёл”-ыг сонгосон. Тус компанийнхан ч сайн ажиллаж чадлаа.
Хэдий бид гурван тамирчинтай ирсэн ч хувцсаараа энэ олимпын наадамд оролцогчдын болоод дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа. Спортоор дамжуулан спорт, олимпизмын хөдөлгөөнийг хүмүүст ингэж хүргэж болдог гэдгийг харууллаа.
-Энэ олимп дууссаны дараа 2030 оны олимпын яриа гарч эхэлнэ. МҮОХ-ноос өвлийн шинэ төрлүүдийг дэмжих тал дээр юу хийх вэ?
-МҮОХ-ны зүгээс шинээр хоёр спортыг анзаарсан. Нэг нь мөсөнд авиралт. Олимпын хөтөлбөрт орж магадгүй гэж байгаа ч албан ёсоор яригдсан зүйл алга. Энэ спортоор Монголын тамирчид өвлийн олимпоос медаль авах боломжтой гэж би ойлгосон.
Нөгөө нь Монголоос олимпод орж байгаагүй олимпын төрөл болох “luge” буюу чарганы спорт гэж харж байгаа. Учир нь Солонгос улсад манай өсвөрийн хоёр тамирчин маш амжилттай явж байна. Мэдээж биатлон, тэшүүрийн спортууд бий.
Мөн кёрлингийн спорт. Холбоонд нь ч би “Азийн өвлийн наадамд оролцвол дараагийн боломжууд нээгдэнэ шүү” гэж хэлж байсан. Тус наадамд оролцсон. Ирээдүйд зөндөө боломж гарч ирэх байх. Хоккей ч маш сайн хөгжиж байгаа. Дивизоноос дивизон ахиад олимпын наадамд биш юм аа гэхэд Азийн наадамд оролцох боломжтой л гэж харж байна.

-МҮОХ эх орондоо сүүлийн жилүүдэд багагүй олон улсын тэмцээн хүлээн авлаа. 2030 онд Азийн танхимын болон тулааны наадмыг хүлээн авах сурагтай байна?
-Яриа, хэлэлцээрийн шатанд л явж байна. Бид нар саяхан Азийн олимпын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Ч.Ундрам сайд ч хамт байлаа. Монголд 2030 онд залуучуудын олимпыг хүлээн авна гэсэн том зорилготой байсан юм. Гэхдээ хэт том наадмыг ийм богино хугацаанд хүлээн авна гэдэг шаггүй ажил учир 2030 онд арай боломжтойгоор нь танхимын наадам зохион байгуулъя гэж ярьсан юм.
Энэ жил Азийн танхимын наадам арванхоёрдугаар сард Саудын Арабд болно. Ерөнхийдөө тулааны спортууд байдаг учир Монголын тамирчид олон медаль авах боломжтой.
Монголд олон төрөлт спортын наадмыг хүлээн авбал үүнийгээ дагаад дэд бүтцийн боломжууд гарч ирнэ. Тамирчдаа дэмжих янз бүрийн боломжууд бий болно. Мөн том наадам зохион байгуулна гэхээр Монгол Улсын нэр дэлхийд гарах боломж бий.
-Ярилцсанд баярлалаа.