Луйвар, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 11 хүнийг цаазаар авчээ

Минг гэр бүлийн гишүүд есдүгээр сард ял авсан

Хятад улс Мьянмарын зүүн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн 11 гишүүнийг цаазалжээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард цаазаар авах ял сонссон байдаг. Хятад улс дэлхийд хамгийн олон цаазын ял гүйцэтгэдэг орон гэж хүний эрхийн байгууллагууд үздэг ч бодит тоо нь төрийн нууц юм.

Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг цаазлах нь элбэг байдаг ч Мьянмараас баривчлагдсан хүмүүсийн гэмт хэрэг илүү ноцтой байжээ.

Минг, Бау, Вэй, Лю гэсэн дөрвөн гэр бүл Мьянмарын Шан мужийн Лауккай хотыг олон жилийн турш нууцаар захирч байсан. Тэд 2009 онд Мьянмарын армийн ажиллагааны дараа тухайн бүс нутгийг хяналтдаа авсан байна. Эхэндээ эдгээр гэр бүлүүд хар тамхины наймаанаас орлого олдог байсан бол дараа нь казино болон онлайн луйврын бизнест шилжжээ. Тэд Мьянмарын цэргийн удирдлагатай ойр харилцаатай байсан тул гэмт хэргийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан гэж үзэж байна. Гэмт хэрэгтнүүд мөн хэдэн мянган хүнийг, гол төлөв хятадуудыг өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж хуурч, Лауккай хотод авчирдаг байжээ. Дараа нь луйврын төвүүддээ хорьж, онлайн луйвар хийхийг албаддаг байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр зодох, тамлах явдал түгээмэл байсан аж.

Хамгийн муу нэртэй нь Мингийн гэр бүлийн удирддаг “Нуугдсан Барсын Вилла” байв.

Луйвар, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 11 хүнийг цаазаар авчээ

Минг Жэнжэнь, Минг Гопин нарын баривчилгаа

Тэнд хоригдож байсан хэд хэдэн хятад хүн 2023 онд оргох гэж оролдож байгаад амиа алдсан байна. Энэ хэрэг тухайн үед Хятадад хүчтэй шүүмжлэл дагуулж, эрх баригчид гол буруутныг олох ажиллагааг улам эрчимжүүлсэн байдаг. Улмаар тус улсын дэмжлэгтэйгээр босогч бүлэг Лауккай хотыг дахин эзэлж, луйврын төвүүдийг хаажээ. Тэд дөрвөн гэр бүлийн удирдагчдыг баривчилж, 60 гаруй хамсаатныг Хятадын цагдаад шилжүүлсэн байна.

Мингийн гэр бүлийн тэргүүн баривчлагдсаныхаа дараа амиа хорлосон гэж эрх баригчид мэдээлжээ. Мөрдөн байцаалтын явцад зарим гишүүд хүч чадлаа харуулахын тулд санамсаргүйгээр хүн алсан гэдгээ хүлээсэн гэж мөн мэдээлсэн байна.

Эдгээр баримтыг Хятад улс хатуу шийтгэлээ зөвтгөх зорилгоор олон нийтэд мэдээлсэн байна. Бау гэр бүлийн таван гишүүн одоо ч цаазын ял хүлээж байгаа бол Вэй болон Лю гэр бүлийн хэргүүд хараахан дуусаагүй байна. Эдгээр гэр бүлүүд угсаа гарал нь хятад бөгөөд Юньнань мужийн эрх баригчидтай ойр харилцаатай байжээ. Тэдний үйлдэл хятадуудад шууд хохирол учруулсан тул Хятад улс шийдэмгий арга хэмжээ авсан байна.

Луйвар, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 11 хүнийг цаазаар авчээ

Зүүн Өмнөд Азид хууль бус мөрийтэй тоглоомын эзэнт гүрэн байгуулсан хэрэгт буруутгагдаж буй Шэ Жижианийг өнгөрсөн жил Хятадад шилжүүлэн өгчээ.

Мөн Хятад улс Тайланд, Камбожоос томоохон луйврын сүлжээ удирдсан хүмүүсийг шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Улмаар Зүүн өмнөд Азийн улсуудад луйврын төвд ажиллаж байсан хэдэн арван мянган хятад иргэнийг эх оронд нь авчирч шүүхэд шилжүүлэх ажил эхэлсэн. Гэсэн ч онлайн луйврын бизнес бүрэн таслан зогсоогдоогүй хэвээр байна. Энэ үйл ажиллагаа байршлаа өөрчилж, ялангуяа Камбож болон Мьянмарын зарим бүс нутагт үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн