ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сүүлд “France Televisions” сувагт ярилцлага өгөхдөө “АНУ Балтын тэнгис дэх Хойд урсгал хийн хоолойг хянахыг эрмэлзэж байгаа” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Трампын Венесуэль, Иранд явуулж буй ажиллагаануудыг дурдаад, “АНУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ноёлохыг эрмэлзэж байна. Тэд одоо Хойд урсгал хийн хоолойг авахыг хүсч байгаа” гэжээ.
Хойд урсгал хийн хоолойд 2022 оны есдүгээр сард дэлбэрэлт болж, үйл ажиллагаа нь саатсан. Дэлбэрэлтээс болж Оросын Европ руу чиглэсэн хийн тээвэрлэлт тасалджээ. ОХУ ч тэр, барууныхан ч тэр энэ явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэсэн юм. Энэ хэргийн ард хэн байгааг мөрдөн шалгах ажиллагаа урт удаан үргэлжилсний эцэст өнгөрсөн жил Италид халдлагыг зохицуулсан гэж сэжиглэн нэгэн украин эрийг баривчилжээ.