АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад тав хоногийн хугацаанд цохилт өгөхгүй гэж Трамп энэ сарын 24-нд мэдэгдсэн. Тэгвэл энэ хугацааг дөрөвдүгээр сарын 6 хүртэл буюу дахин 10 хоногоор сунгаж байгаа аж. Тэрбээр “Хуурамч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээллүүд гарч байгаа ч АНУ, Иран хоорондын хэлэлцээ үргэлжилсээр байгаа” гэж жиргэжээ.
Эрчим хүчний байгууламжуудыг онилохгүй гэсэн боловч Израилиас Ливан, Ираны бусад байг чиглэсэн цохилт үргэлжилсээр байна. Тодруулбал, Израилийн тал өнөөдрийг хүртэл баруун Иранд байрлах пуужин, дрон хөөргөх байгууламжуудад 20 удаа цохилт өгчээ. Харин мөргөлдөөн эхэлснээс хойш Ливанд амиа алдагсдын тоо 1100 даваад байна.
Дашрамд дурдахад, Цагаан ордны засгийн газрын хуралдааны үеэр Трампын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф АНУ-аас Иранд 15 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний саналыг хүргүүлсэн гэдгийг баталгаажуулжээ. Энэхүү баримт бичгийн талаар хэвлэл мэдээллүүд хэдэн өдрийн өмнөөс мэдээлсэн боловч Цагаан ордон анх удаа албан ёсоор баталгаажуулсан нь энэ юм. Энхийн хэлэлцээний зүйл заалтуудыг нууцалж байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр дамжуулан хэлэлцээ хийхгүй гэдгийг Виткофф хэлжээ.