Хятад залуус үлгэрийн баатраас сэдэвлэсэн тоглоом, хүүхэлдэй, цүнх, аяга зэрэг амьдралд нэн шаардлагатай бус зүйлсийг цуглуулах дуртай болжээ. Иймэрхүү худалдан авалт нь хүүхдэрхүү санагдаж болох ч сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг тэд ярьж байна. Сэтгэл хөдлөлийн худалдан авалт гэх зүйлд хятадууд улам их мөнгө зарцуулах болсныг албан ёсны эх сурвалжууд хүртэл баталж байна.
Үүнийг Хятадын сэтгэл хөдлөлийн эдийн засаг гэж 2024 онд анх нэрийдэн гаргаж ирж байв. Нэгэн цагт хэмнэлттэй, хөрсөн дээр буусан шийдвэр гаргадаг байсан хятадууд өнөөдөр өөрийгөө эрхлүүлэхэд бэлэн болсныг энэ чиг хандлага илэрхийлнэ.
Өмнө нь хүмүүс баяр ёслолоор архи, самар гэх мэт оновчтой бөгөөд өв уламжлалтай холбоотой зүйлсийг худалдан авдаг байжээ. Харин одоо эсрэгээрээ загвар зохион бүтээгчийн тоглоом зэрэг илүү өвөрмөц, мэдрэмж шингэсэн зүйлсийг худалдан авдаг болжээ. Хэрэглэгчдийн худалдан авалтыг 2023 онтой харьцуулахад уламжлалт бус зүйлсэд илүү их мөнгө зарцуулсан байна. Үнэрт лаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнийг ч мөн адил сэтгэл хөдлөлийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй сегмент гэж тодорхойлжээ.
“iiMedia” судалгааны төвийн гаргасан тооцооллыг харвал Хятадын сэтгэл хөдлөлийн эдийн засаг 2029 он гэхэд 4.5 их наяд юань давж, 2024 оныхоос хоёр дахин өсөх төлөвтэй байна.
Тэгвэл сэтгэл хөдлөлд суурилсан эдийн засгийн өсөлтийг өдөөж буй гол хүчин зүйл нь юу вэ? Шинжээчдийн өгч буй хамгийн түгээмэл тайлбар гэвэл энэхүү өсөлт нь стрессийн хариу үйлдэл аж. Аз жаргалд хүрэх уламжлалт арга хэлбэр буюу байр, машин худалдаж авах, гэр бүл зохиох зэрэг нь улам бүр үнэтэй болж байгаатай энэ нь холбоотой.
Хятадад хэрэглэгчдийн зарцуулалт удааширч байна гэх боловч эсрэгээрээ сэтгэл хөдлөлийн эдийн засаг өсөлттэй байгаа нь сонирхолтой. 2025 онд Хятадад хэрэглэгчдийн зарцуулалт өмнөх оноос 2.3 хувиар өссөн. Гэвч энэ нь өмнөх онуудаас хавьгүй буурсан үзүүлэлт юм. Энэ чиг хандлагыг дагалдаад бизнес эрхлэгчид ч өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан бодлого зохиох шаардлагатай болж байна.