Ким Жон Уны хэнд ч хэлээгүй НУУЦ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд дэндүү их нууц бий. Тэр олон нууц дундаас түүний ээжийн тухай мэдээлэл МАШ НУУЦ-ын зэрэглэлтэй. Ким 15 жилийн засаглалынхаа хугацаанд ээжийнхээ нэрийг нэг ч удаа олон нийтэд ил дурдаж байгаагүй.

Кимийн гэр бүлийн дарангуйлал хууль ёсны, зүй зохистой мэт харагддаг нь Пэктү уулын цусан удам гэх зүйлтэй салшгүй холбоотой. Пэктү уулын цусан удмыг солонгос үндэстний домогт өвөг дээдэстэй холбоотой гэж үздэг. Удмын цэвэр ариун байдлаараа бахархдаг улсад удирдагчийн ээж хэн болох нь зөвхөн нууц байгаад зогсохгүй, дэглэмийн аюул заналхийлэлд тооцогдож байна.

Түүх домогт өгүүлснээр Солонгосын түүх нь Хятад, Хойд Солонгосын хил дээр орших Пэктү уулнаас эхэлдэг. Тус газрыг Солонгосын анхны хаант улсын үндэслэгч Дангүний төрсөн газар гэдэг.

Үүнээс хойш олон мянган жилийн дараа Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Сун Японы эсрэг тулалдахдаа энэ уулыг нуугдах газар болгон ашиглаж байжээ. Гэхдээ түүний хүү Ким Жон Илийг Орост төрсөн байх магадлалтай ч гэлцдэг.

Хойд Солонгосын дипломатч асан Рю Хён Ву “Ким Жон Уны нууц агуй” номдоо “Ким Жон Ун 20 настайдаа ямар ч амжилт ололтгүй байсан хэрнээ зөвхөн Пэктү удмынхаа ачаар л өв залгамжлагч болсон” гэж бичжээ.

Тэгвэл Ким Жон Уны эхийн удам угсаа тэс өөр түүхийг өгүүлнэ. Пэктү уулаас хэдэн зуун километрийн цаана орших Японы түүхэн нийслэл Осака хотод Ким Жон Уны ээж Ко Ён Хуй гэх эмэгтэйг төрсөн гэдэг. Намтар судлаачдын нэгтгэсэн мэдээллээс харахад Ко 1952 онд төрсөн бөгөөд эцэг эх нь одоогийн Өмнөд Солонгосын Чежү арлаас гаралтай байжээ.

1910–1945 онд япончууд Солонгосын хойгийг колончлон захирч байх үед солонгос гаралтай олон айл Японд ирсний нэг нь Когийн гэр бүл байсан юм. Тэдгээр хүмүүсийг “Zainichi Koreans” буюу “Японд амьдарч буй солонгосчууд” гэж нэрлэдэг байв.

Гэвч Ко Ён Хуйг 10 орчим настай байхад тэдний гэр бүл Хойд Солонгос руу цагаачилжээ. Тэд 1959-1984 оны хооронд Хойд Солонгос руу нүүсэн 93 мянга орчим солонгосчуудын дунд байсан. Энэ цагаачлалтын цаана үнэ төлбөргүй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, ажлын байр зэрэг схем байжээ.

Хойд Солонгост ирсэн цагаачдыг капиталист улсаас авчирсан бэлэн мөнгө, хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгслээс нь болоод ард иргэд атаархаж хардаг байв. Үүний зэрэгцээ тэднийг “jjaepo” буюу гадаадын аюултай үзэл сурталд идэгдсэн бүлэг гэж нэрлэдэг байжээ. Энэ ангилалд багтагсдыг төрийн хатуу хяналтад байлгаж, сайн их сургуульд элсэх, ирээдүйтэй ажилд орохыг нь хориглодог байв.

ҮНСГЭЛЖИНГИЙН ТҮҮХ

Ким Жон Уны хэнд ч хэлээгүй НУУЦ

Дээрх түүхээс харвал удирдагчийг “jjaepo” бүлгийн хүнээс төрсөн гэж төсөөлөхөд тун бэрх. Гэсэн ч Ко Ён Хуй залгамжлагчаар бэлтгэгдэж байсан Ким Жон Илийн анхаарлыг татсанаар “Японд амьдарч буй солонгосчууд”-ын хувь тавилангаас өөрөөр түүхээ бүтээжээ.

Тагнуулын мэдээллээс үзвэл Ким Жон Ил аавынхаа сонголтын дагуу нэгэн цэргийн өндөр албан тушаалтны охин болох Ким Ён Суктай хэдийнэ гэрлэчихсэн байсан аж. Үүнээс гадна түүнд хоёр ч нууц амраг байсан гэдэг.

Гэсэн ч Хойд Солонгосын нэр хүндтэй Мансүдэ урлагийн чуулгын гишүүн болохынхоо хувьд Ко залгамжлагчийн хараанд өртөж чаджээ. Ко Ён Хуй төрөлхийн гоо үзэсгэлэнтэйгээс гадна бүжгийн авьяастай байсан нь Ким Жон Илийн анхаарлыг татсан. Тэдний дундаас гурван хүүхэд төрсөн гэдэг.

Гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүд Хойд Солонгост асар их гутаан доромжлол амсдаг. Тиймээс Ко хүүхдүүдийнхээ хамтаар нийслэлээс 210 км зайд орших Вонсанд нуугдаж байжээ. Ко хэзээ ч албан ёсоор удирдагчтай гэрлээгүй, хүүхдүүдтэйгээ олны өмнө гарч ирж ч үзээгүй. Гэсэн ч үнсгэлжингийн амьдралаар амьдарч чадсан аж.

Ко Ён Хуйг удирдагч агсан Ким Ил Сун хэзээ ч бэрээ гэж хүлээн зөвшөөрөөгүй.

Ким Ил Суныг нас барсны дараа Ким Жон Ил Хойд Солонгосын дээд удирдагч болж, Ко тэргүүн хатагтай болжээ. Ким Жон Ил бодлогын шийдвэр гаргахаасаа өмнө түүний саналыг сонсдог байсан гэж Кимийн гэр бүлийн тогооч асан Фүжимото дурссан байдаг.

2011 онд бүтээгдсэн баримтат кинонд Ко гардаг боловч үүнийг олон нийтэд хэзээ ч дэлгээгүй. Зөвхөн 2012 оны зургадугаар сард намын өндөр албан тушаалтнуудад л үзүүлсэн гэдэг. Гэвч хожим нь кино алдагдаж, хил даван олны хүртээл болсон юм. Кино тархах тусам хүмүүс Ко Ён Хуйг сонирхох болж, улмаар Хойд Солонгосын дэглэм киног эргүүлэн татжээ.

Мэдээж Ко Ён Хуйгийн түүх дэглэмийн хууль ёсны байдлыг эргэлзээтэй болгож болзошгүй.

Ко 2004 онд Парисын эмнэлэгт хөхний хорт хавдраар нас баржээ. Түүний үхлийг Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд огт дурдаагүй юм.

ХУУЛЬ БУС ЗАЛГАМЖ ХАЛАА

Тэгвэл нууц амрагаас төрсөн хүү Ким Жон Ун хэрхэн эрх мэдлийг өвлөн авсан бэ? Кимийн албан ёсны эхнэр Ким Ён Сук хоёр хүүхэд төрүүлсэн ч тэд нь хоёулаа охин байсан тул залгамжлалд нэр дэвшээгүй.

Ким Жон Илийн өөр хоёр нууц амрагийн нэрийг Сун Хэ-рим, Ким Ок гэнэ. Кимийн ууган хүү Ким Жон Намыг Сун Хэ-рим төрсөн гэдэг бол Ким Ок нь хүүхэд төрүүлээгүй.

Ким Жон Намын хувьд олон жил гадаадад сурч, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг болсон. Тиймдээ ч тэр Хойд Солонгосын дэглэм, удмын залгамж халаанд шүүмжлэлтэй хандах болсон нь олны анхаарлыг татаж эхэлжээ. Казино ордог, онгоцоор аялдаг, үдэшлэгт дуртай гэдгээр нь түүнийг олон нийт мэднэ.

Харамсалтай нь, түүнийг 2017 онд Малайзад үхлийн аюултай мэдрэлийн бодисоор хордуулж хөнөөжээ.

Ким Жон Уны ах Ким Жон Чул гэж байсан ч хар тамхинд архаг донтсон байсан учир залгамжлагчид тооцогдоогүй. Тиймээс хоёр дахь хүү Ким Жон Ун гарцаагүй залгамжлагчаар тодорсон бололтой.

Ким Жон Ун аавынхаа хайрыг хурдан хугацаанд татсан юм. Энэ нь түүний удирдан манлайлах болон өрсөлдөх чадвараас болсон гэж шинжээчид үздэг. Ким Жон Ун богино хугацаагаар Швейцарьт сурсан ч гэлээ ах шигээ үзэл бодол нь өөрчлөгдөөгүй бололтой. Швейцарьт байх хугацаандаа тэр нэлээн тусгаарлагдмал байдалд байсан гэдэг.

Ким Жон Ун хэдийгээр засгийн эрхэнд гарсан ч түүний төрсөн өдрийг үндэсний хэмжээний баяр ёслол болгон тэмдэглэдэггүй. Эсрэгээрээ түүний аав, өвөө нарын төрсөн өдрийг улс даяараа тэмдэглэдэг билээ. Шинжээчдийн үзэж буйгаар түүний төрсөн өдөрт анхаарал хандуулах нь ээжийнх нь талаарх элдэв асуултыг төрүүлнэ.

Гарал үүсэл нь ийм нууцлаг учраас Ким Жон Ун эхнэр Ри Соль Жу, олон Ким Чу Аэгаа олон нийтэд танилцуулсан ч байж магадгүй. Ри Соль Жугийн хувьд Пёньяны дунджаас дээш давхаргын гэр бүлээс гаралтай. Хэрвээ Кимийн ээжийн гарал үүсэл нийтэд ил болвол энэ нь Хойд Солонгост цөмийн бөмбөг адил нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн