Ким Ё Жон: АНУ-ын нэг талын мэдэгдэлд хэн ч захирагдахгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пёньяныг цөмийн зэвсэггүйжүүлэх Вашингтоны оролдлогыг “цаг үеэсээ хоцорсон мөрөөдөл” гэж гэв. Мөн АНУ тэргүүтэй орнуудын заналхийллийн өмнө Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн нөөцөө тогтвортойгоор өргөжүүлсээр байх болно гэж мэдэгдлээ. Тэрбээр “АНУ-ын засаг захиргаа Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй улсын статуст халдах гэж оролдож буй нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус зүйл юм. АНУ-ын нэг талын мэдэгдэлд хэн ч захирагдахгүй” гэжээ.

Дональд Трамп, Ши Жиньпин нар өнгөрсөн сард Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нийтлэг зорилгоо баталгаажуулсан гэж АНУ мэдэгдэж байв. Гэвч Ким Ё Жон үүнийг худал мэдээлэл гэж няцааж байна. Тэрбээр АНУ-ын албан тушаалтнуудыг бодит байдлаас зугтаж байна, мөрөөдлөөсөө сэрж чадаагүй байна гэж шүүмжилжээ.

Мөн АНУ болон Өмнөд Солонгосыг тасралтгүй зэвсэглэлээ нэмэгдүүлж байна гэж буруутгав.

Ким Жон Ун, Дональд Трамп нарын 2019 оны уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлснээр олон улсын эдийн засгийн хоригуудыг цуцлуулах боломжтой болно гэж Ким Жон Ун үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн