Пёньян Трампын найр тавихыг үл тоон баллистик пуужингууд харвалаа

Хойд Солонгос улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын яриа хэлэлцээ дахин эхлүүлэхэд бэлэн гэсэн мэдэгдлийг үл тоон Пүрэв гаригт /2026.08.20/ Зүүн тэнгисийн зүг ойрын тусгалтай баллистик пуужингуудыг олноор нь харвалаа. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, пуужингуудыг 17:00 цагийн орчимд Пёньяны орчмоос хөөргөжээ. Ойролцоогоор 10 гаруй баллистик пуужин илрүүлсэн бөгөөд БНСУ, АНУ хоёр хамтран нэмэлт шинжилгээ хийж байна.

Трамп энэ долоо хоногийн эхээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах даалгавар өгсөн. Үүнийх нь дагуу 17-27-ны хооронд үргэлжлэх байсан сургуулилалт өнөөдөр /2026.08.21/ дуусгавар болж буй. Ийм сургуулилалт нь Хойд Солонгост зохисгүй бөгөөд дайсагнасан дохио өгч байгаа гэж Трамп мэдэгдсэн билээ.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг Пёньян ч довтолгооны бэлтгэл хэмээн үзэж эрс буруушаадаг бөгөөд эсэргүүцлээ илэрхийлж давхцуулан пуужин харвах нь бий.

Түүнчлэн Трамп энэ оны сүүлээр Ким Жон Унтай уулзана гэж мэдэгдээд, дахин яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэсэн юм. Үүний зэрэгцээ Трамп Хойд Солонгосыг 57 хүчирхэг цөмийг зэвсэгтэй гэж хэлсэн нь тус улсын цөмийн зэвсгийн нөөцийн талаар тодорхой тоо дурдсан анхны тохиолдол болов.

Трамп ийнхүү найр тавьсан ч Хойд Солонгос үүнийг нь үл тоомсорлосон бололтой. Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон Трампын мэдэгдлийн дараа “Холбоотнуудын хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгасан нь Пёньяны сонирхлыг огт татахгүй байна. Үүнийг тайлбарлах ч шаардлагагүй” гэж хэлжээ.

Пуужин харвасны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын албанаас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны төлөөллийг оролцуулсан хурал хийж, хариу арга хэмжээ болон уг үйлдэл Өмнөдийн үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөхийг хэлэлцжээ. Одоогоор “Ulchi Freedom Shield” хамтарсан сургуулилалт хараахан дуусаагүй байгаа учир бэлэн байдлаа бүх талаар хангах шаардлагатайг Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын алба онцолсон байна.

Хойд Солонгос хамгийн сүүлд энэ сарын 6 болон 12-нд зүүн чиглэлд ойрын тусгалтай баллистик пуужин харважээ.

ЭХ СУРВАЛЖ: Yonhap

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн