Han Seong-sook
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Хан Сон Сукийг ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Ингэснээр Өмнөд Солонгос улс сүүлийн бараг 20 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж магадгүй байна.
Хэрэв Үндэсний ассамблей энэ томилгоог баталбал 59 настай Хан Сон Сук нь 2006-2007 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Хан Мён Сукийн дараа тус улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болох юм.
Ли Жэ Мён технологийн салбар болон төрийн албанд ажилласан туршлагыг нь харгалзан үзэж Хан Сон Сукийг сонгожээ. Хиймэл оюун ухааны хурдацтай өөрчлөлтийн эрин үед Өмнөд Солонгосыг удирдан чиглүүлэхэд хамгийн тохиромжтой хүн гэж түүнийг үзэж байна. Ли Жэ Мён түүнийг энгийн оффисын ажилтнаар ажлын гараагаа эхэлж, улмаар улсынхаа тэргүүлэх дижитал компаниудын нэгийг удирдах хүртлээ дэвшин гарсан, урам зориг өгдөг манлайлагч гэж тодорхойлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Ли Жэ Мёны санаанд Хан Сон Сукаас гадна Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Сик, Хууль зүйн сайд Жун Сун Хо нар байжээ.
Хан Сон Сук нь Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайдаар ажиллаж байхдаа хурд, үр дүн, бодит нөхцөл байдалд тулгуурласан засаглалыг чухалчилдаг байв. Үүний үр дүнд тус яам түүхэн дэх хамгийн өндөр экспортын үзүүлэлтэд хүрч, гарааны бизнесийн экосистемийг сэргээх зэрэг бодит үр дүнгүүдийг бий болгосон аж.
Түүнчлэн Хан Сон Сук нь Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн салбарын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг. Тэрбээр тус улсын хамгийн том интернет портал болох “Naver” компанийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. “Naver” компанид 2007 оноос хойш ажиллах хугацаандаа тэрбээр янз бүрийн удирдах албан тушаал хашиж явсаар, 2017 онд анхны эмэгтэй гүйцэтгэх захирал болж, хиймэл оюун ухаан болон дижитал үйлчилгээний өргөжилтийн үед интернетийн аварга компанийг удирджээ.