Катарын хамгийн том байгалийн хийн байгууламжид дэлбэрэлт болсны улмаас дор хаяж 13 хүн нас барж, 66 хүн бэртэж гэмтээд байна. Тодруулбал, Рас Лаффан аж үйлдвэрийн бүс дэх “Barzan” байгалийн хийн байгууламжид Ням гаригийн орой /2026.06.21/ дэлбэрэлт болж, тэнгэр улбар туяагаар бүрхжээ. Мөн дэлбэрэлтээс 70 гаруй км зайд байгаа оршин суугчдад хүртэл чичиргээ мэдрэгдэж, сандарч тэвдэхэд хүргэсэн байна.
Катарын Эрчим хүчний сайд Саад Шерида аль-Каабигийн хэлснээр энэ дэлбэрэлт улс орны экспорт болон байгаль орчинд нөлөөлөхгүй. Мөн уг дэлбэрэлт нь ямар нэгэн хорлон сүйтгэх, эсвэл дайсагнасан ажиллагаанаас үүдээгүй, санамсаргүй осол байсныг хэлжээ. Холбогдох албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.
“Barzan” байгалийн хийн байгууламж яаралтай засвар үйлчилгээнээс болоод 2025 оны арванхоёрдугаар сараас хойш ажиллаагүй. Дэлбэрэлтээс ердөө хоёрхон хоногийн өмнө байгууламжийн үйл ажиллагаа сэргээд байсан ч одоо хэзээ эргээд хэвийн болохыг нь хэлэх боломжгүй болжээ.
Мөрдөн байцаалтын эхний шатны дүнгээр дэлбэрэлтэд өртөгсөд энэтхэг, пакистан хүмүүс байсныг тогтоосон байна.
Катар бол дэлхийн эрчим хүчний томоохон нийлүүлэгч. Тэр дундаа Рас Лаффан нь дэлхийн хамгийн том хиймэл боомт. Тус боомт нь энэ оны эхээр Ираны агаарын цохилтод өртөж, ихээхэн хохирол амссан.