Хонконгийн ардчиллыг дэмжигч “Apple Daily” сонины үүсгэн байгуулагч Жимми Лайд оноосон 20 жилийн хорих ялыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио буруутгажээ. Рубио өчигдөр (2026.02.09) гаргасан мэдэгдэлдээ Хонконгийн Дээд шүүхийн шийдвэрийг шударга бус, эмгэнэлтэй гэж нэрлэсэн байна. Тодруулбал, Жимми Лайг гадаадын хүчнүүдтэй хамтран үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутай гэж үзэж, хорих ял оноосон юм.
Энэ хэрэг нь Хонконг дахь үндсэн эрх, эрх чөлөөг дэмжигчдийг дарахын тулд Бээжин туйлын хатуу арга хэмжээ авахад бэлэн байгааг дэлхий дахинд харуулж байна гэж Рубио үзэж байна. Тэрбээр Жимми Лайг хүмүүнлэгийн үндэслэлээр суллаж, чөлөөлөхийг уриалсан. Учир нь түүнийг болон гэр бүл нь хангалттай их зовлон амссан гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн арванхоёрдугаар сард Жимми Лайг буруутгаж буйг шүүмжилсэн. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Жимми Лайг суллах боломжийг авч үзэхийг хүссэн гэдгээ хэлжээ. Жимми Лайгийн хүү эцгийнхээ хорих ялыг “амь насанд аюултай” гэж тодорхойлсон байна. Мөн Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер ч түүнийг суллахыг уриалжээ. Харин Хятадын тал энэхүү шүүмжлэлийг няцаасан байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Бээжин Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, хуульд заасны дагуу ийм төрлийн гэмт хэргийг шийтгэхийг бүрэн дэмжиж байна гэж мэдэгдсэн байна.