Хятадын их дээд сургуулиудыг жил бүр 10 сая гаруй оюутан төгсч, багтах зайгүй хөдөлмөрийн зах зээлд хөл тавьдаг. Тэгвэл хөдөлмөрийн зах зээлд хөлөө олж чадахгүй яваа залуусын хувьд богино киноны салбар аврал болж байна. Залуус бүтээлч ур чадвараа ашиглан тогтмол цалинжих болсныг “SCMP” мэдээллээ.
Энэ салбар 2025 онд л гэхэд 690 мянга орчим ажлын байр бий болгосон бөгөөд тэдний ихэнх нь залуус байгаа юм. Харин шууд бус байдлаар энэ салбарт ажилласан бүх хүнийг нийлүүлэн тооцвол хоёр сая хүрнэ. Шууд бус байдлаар гэдэг нь тухайн салбарт ажиллаж буй хүмүүсийг дагасан дам ажлын байрууд орно. Тухайлбал, түүхий эд нийлүүлэгчид, тээвэр, ложистик, борлуулалт, сурталчилгаа, хоол гэх зэрэг үүнд багтах юм.
Богино хэмжээний цуврал кинонуудын нэг анги нь хэдхэн минут л үргэлжилдэг бөгөөд үйл явдлын хэмнэл хурдан, анхаарал татам байдаг. Мөн энэ салбарт ороход мэргэжлийн ур чадвар гэх мэт зүйл шаардах нь харьцангуй бага, боломж арвин.
Энэ төрлийн киноны үйлдвэрлэл сардаа 3000 орчим болсон бөгөөд улам л тогтворжих хандлагатай байна.
Бээжингийн их сургуулийн тайланд дурдсанаар, хямд өртөгтэй кино продакшнууд анхандаа 12 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байв. Харин өдгөө найруулга, зураг авалт, гэрэлтүүлэг, хувцас хэрэгсэл, менежментийн чиглэлээр 60-90 хүн ажилладаг болжээ. Гол нь салбар харгалзахгүй янз бүрийн мэргэжилтэй залуус энд ажиллаж байгаагаараа онцлог.
Сургуулиа төгссөн ч тогтсон ажилгүй байсан Шутиан Ю 2024 оноос богино кино үйлдвэрлэлийн салбар луу оржээ. Улмаар түүний карьер өсч, сарын орлого нь 15 мянган юань хүртлээ тогтворжсон байна. Мөн хадгаламжаасаа 70 мянган юанийг кино үйлдвэрлэлдээ зориулж, хэд хэдэн найзаа цалинжуулсан аж.
Хятадын Телевизийн драмын үйлдвэрлэлийн холбооны мэдээлснээр, богино кино үйлдвэрлэлийн зах зээл 2024 онд 50.5 тэрбум юань давжээ. 2027 он гэхэд 85.6 тэрбум юаньд ч хүрэх боломжтой байна.
Түүнчлэн богино кинонууд өнгөрсөн онд улс даяар 660 сая гаруй үзэгч татжээ. Ингэснээр Хятадын энтертайнмент салбар дундаас хамгийн хурдацтай хөгжиж буй салбар болоод байна.