Мэргэжлийн холимог тулааны дэлхийн томоохон холбоо болох “UFC”-ийн “UFC Freedom 250” өдөрлөг өнөөдөр/2026.06.15/ болж өнгөрлөө. АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан гэдэг утгаараа Цагаан ордонд уг арга хэмжээ болжээ.
Энэ өдрийн оргил тулаан туршлагатай Жастин Гейджи болон аваргаа хамгаалагч Илия Топуриа нарын хооронд болов. Хоёр тулаанчийн хувьд гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй, хүчтэй цохилтуудтай, цус асгарсан тулааныг толилуулав. Тулааны эхэнд Илия Топуриа илүүрхсэн ч гуравдугаар үед Гейджигийн цохилт өрсөлдөгчөө барьц алдуулж, хувь заяаг шийдэв. Топуриа дөрөвдүгээр үеийн төгсгөлд авсан цохилтуудаасаа болж, тавдугаар үеийг эхлүүлж чадаагүй. Улмаар Гейджид ялалтыг өгчээ.
Тулааны өмнө олон хүн Гейджиг ялна гэж бодоогүй нь лавтай.

Аваргын бүсний эзэн болсон Жастин Гейджи ярихдаа “Би Америк. 250 жилийн өмнө бид надаас ч илүү дутуу үнэлэгдсэн. Харин одоо биднийг хар. Би домог болсон зүйл хийхийн төлөө залбирч ирсэн. Харин одоо домог бүтээсэн гэдгээ мэдэж байна. Өөрөө ч итгэхгүй байна. Өрсөлдөгчийн маань ур чадварыг юутай ч харьцуулашгүй. Гэхдээ миний тэсвэр тэвчээр, зориг зүрх, бат бөх байдал намайг эхний үеүдэд авч гарлаа. Гуравдугаар үед хэн ч над шиг байхгүй. Ялангуяа аваргын бүсний төлөөх дөрөв, тавдугаар үед. Би ийм мөчид зориулагдсан. Энэ спорт надад зориулагдсан. Би бол энэ торон дахь хамгийн сэтгэл хөдөлгөм залуу” гэжээ.
Дэд оргил тулаанд хүнд жингийн аваргын бүсийг түр эзэмшихээр Алекс Перейра болон Сирил Ган нар тулалдсан. Ган ч жин өгссөн Перейра ядах юмгүй хүнд цохилтоор буулган авч, аваргын бүсний эзэн болов.

Аваргын бүсийг түр эзэмших болсон Ган “Бид үүнд бэлдсэн. Багаараа сайн ажиллалаа. Өөрөөрөө бахархаж байна. Бүгдэд нь баярлалаа. Та нарын ачаар үүнийг хийнэ гэдгээ мэдэж байлаа. Хүмүүс намайг дутуу үнэлж байдаг. Гэхдээ миний сэтгэл зүй өөр түвшнийх. Дана Уайт болон ‘UFC’-д баярлалаа. Чама болон түүний багт баярлалаа. Би одоо Том Аспиналлтай тулалдмаар байна. Есдүгээр сард Парист тулалдацгаая” гэв.
