“Жамухын гэж нэрлэгдээд буй олдвор Түрэгийн үеийнх”

Түүхч Г.Билгүүн 1981 онд Сонгинохайрхан уулын Дадарт гэх газраас Гүр хаан Жамухын шарилыг олсон хэмээн мэдээлсэн. Алтан бүс болон хугарсан нуруугаар нь түүнийг мөн болохыг баталсан гэж тайлбарласан ч энэ нь түүхийн шинжлэх ухааны хүрээнд огт батлаагдаагүй байна. Мэргэжлийн түүхч, археологичдын дунд Жамухын шарилыг тодорхойлон олсон гэх ийм төрлийн мэдэгдэлд болгоомжтой ханддаг. Учир нь археологийн судалгаанд тухайн олдворыг хэн болохыг тогтоохын тулд зөвхөн домог, аман уламжлал, эсвэл ганц нэг шинж тэмдэг бус харин олон талын нотолгоо, он цаг тогтоох, ДНХ шинжилгээ, бичгийн эх сурвалжийн давхцал зэрэг шаардлагатай гэж үздэг байна. Энэ талаар археологичид, эрдэмтэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

GolMedee

 МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн доктор, профессор М.Эрдэнэ

-Сүүлийн үед нэр бүхий түүхч цахим орчинд Гүр хаан Жамухын ясыг контейнерт хадгалж байгаа гэх зүйлийг ярьсан. Та үүн дээр  ямар байр суурьтай байна вэ?

-Монголын нутгаас  малтлан судалсан, археологийн малтлагаар илрүүлсэн хүний ясны олдворын дийлэнх хэсэг нь МУИС-ийн био археологийн лаборторид хадгалагддаг. Хамгийн эртнийх нь 5000-6000 мянган жилийн өмнөх, сүүл үеийнх гэхэд 20-р зууны эхэн үеийн ясны олдворууд манайд хадгалагддаг. Энэ олдворуудын нэг нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас малтан судалсан хүний яс юм. Тэр ясыг л “Жамухын яс” гэсэн таамаглалыг тухайн үед малтан судалж байсан археологич Наваан дэвшүүлж байсан. Тухайн үед алтан тоног бүхий бүс олдсоны дараа энэ хүн яавч жирийн иргэн биш байх магадлалтай гэж үзсэн. Газарзүйн байрлалаараа Туул голтой ойр, Хэрэйдийн Ван хааны туурьтай ойрхон тул 13-р зууны үед хамаарах боломжтой гэж таамагласан байдаг. Мөн алтан товчтой бүсийг жирийн иргэн хэрэглэдэггүй байсан гэж үздэг. “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр Тэмүүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд бололцохдоо бүсээ солилцсон байдаг. Тиймээс энэ алтан бүс нь Тэмүүжиний бүс байсан байх боломжтой гэж үзсэн. Бүс солилцсоны дараа Жамуха бүстэйгээ явж байгаад оршуулагдсан байж магадгүй гэж таамаг дэвшүүлсэн юм билээ. Гэхдээ энэ нь зөвхөн таамаглал байсан юм.

-Түүхч Г.Билгүүн гэх хүн Жамухын яс гэдэг нь тодорхой болсон, үүнийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон гэж хэлж байсан. Үнэхээр энэ яс Жамухынх мөн болох нь тогтоогдсон уу?

-Тухайн үед таамаглал л дэвшүүлсэн болохоос энэ нь “Жамухынх мөн” гэж нотлогдож, батлагдсан зүйл биш. Био-археологийн лабораторид хадгалагдаж буй яснуудад олон төрлийн судалгаа хийдэг. Тухайн хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал, нас, хүйс, биеийн бүтэц зэрэг олон талыг тодорхойлдог. Гэхдээ нэг ясан дээр үндэслээд тухайн хүнийг хувь хүнээр нь яг таг тогтоосон баттай дүгнэлт одоогоор байхгүй.

GolMedee

-Био-археологичийн хувьд авч үзвэл энэ ясны он цаг нь Жамухын амьдарч байсан үеийн түүхэн хугацаатай давхцаж байсан уу?

Археологчдын тогтоосноор алтан бүсний тоног, чимэглэл нь Түрэгийн үед хамаарах шинжтэй гэж үздэг. Хэрэв үүнийг үндэслэвэл энэ олдвор Ⅻ–ⅩⅢ зууны Монголын эзэнт гүрний үеийнх байх боломж багатай гэж тайлбарлагддаг. Антропологийн талаас нь авч үзвэл уг хүнийг ахимаг насны эрэгтэй, гэхдээ өндөр настай биш гэж тодорхойлсон. Мөн түүний яс, үе мөчний байдлыг судлахад нурууны хугарал илрээгүй. Үүнийг би баттай санаж байна.

-Ерөнхий биеийн яс хаана хадгалагдаж байгаа вэ?

-Малтлагаар илэрсэн эртний хүний яснууд бүгд МУИС-ийн Био-археологийн лабораторид хадгалагддаг. Гавлын яснууд нэг өрөөнд, их биеийн яснууд өөр тусдаа өрөөнд байрлаж байна. Контейнерт хадгалагдаж байгаа гэж хэлж байсан. Огт тийм зүйл бахгүй. Одоогоос 10 орчим жилийн өмнө, судалгааны лабораторийн зориулалтын барилга бүрэн ашиглалтад ороогүй үед түр хадгалалтын нөхцөлд байсан үе бий. Гэвч түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна.

-Энэ ясны хувьд алтан бүстэй хамт олдсон гэдгээрээ онцлог боловч өөр гойд, онцгой шинж ажиглагдсан зүйл байна уу?

-Байхгүй. Энэ бол зүгээр л энгийн иргэний яс гэж үзэж байна. Антропологийн үүднээс авч үзвэл бусдаас онцгой ялгарах, өвөрмөц шинж тэмдэг ажиглагдаагүй.

АЛТАН БҮС, ЯС ЗЭРЭГ НЬ ЖАМУХЫНХ БАЙХ БОЛОМЖГҮЙ

GolMedee

Археологичдын холбооны гүйцэтгэх захирал, доктор С.Бат-Эрдэнэ

-Жамухын олдвортой холбоотой гарч байгаа дуулианы талаар археологич хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Саяхан цахим орчинд Жамухын алтан бүс, ясны тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Монголын археологчдын холбооны зүгээс болон археологич хүний хувьд тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна. МУИС-ийн ууган археологчдын нэг Наваан багш 1981 онд Сонгинохайрхан уулын Дадартын аманд нэг булш малтсан байдаг. Энэ булшийг судлах явцад алтан бүс илэрсэн. Түүнийг “Жамухын алтан бүс” гэх нэрээр түгээх болсон. Үүнийг тайлбарлахад тухайн булшны олдворыг харьцуулсан судалгаагаар Түрэгийн үед хамаарах нь тогтоогдсон. Гадаад болон дотоод зохион байгуулалт, мөн олдсон эд өлгийн зүйлсийг харьцуулан үзэхэд энэ нь дундад зууны үе, Монголын эзэнт гүрний үеийн булш биш. Харин түүнээс даруй 500–600 жилийн өмнөх, НТ VI–VIII зууны Түрэгийн үеийн булш болох нь тодорхой болсон. Иймээс энэ булшийг Жамухынх байх боломжгүй гэж үздэг. Монголын археологчдын холбооны идэвхтэй судалгаа хийж байгаа 100 гаруй археологич, мөн албан ёсны малтлага хийх зөвшөөрөлтэй долоон байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд археологийн лабораторийн судалгаа, генетикийн шинжилгээ, сэргээн засварлалт зэрэг олон чиглэлээр шат дараатай ажилладаг. Тиймээс цахим орчинд гарч байгаа мэдээллүүд нь археологийн албан ёсны судалгаанд тулгуурлаагүй, ташаа ойлголт үүсгэсэн мэдээлэл гэж үзэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн