Израиль цэргүүд 18 сартай хүүхдийг тамласан хэрэг гарчээ

Израилийн цэргүүд ааваас нь мэдүүлэг авахдаа нүдэн дээр нь 18 сартай хүүхдийг нь тамлан зовоосон хэрэг гарч, олон улсын дургүйцлийг улам өдөөв. “Al Jazeera” агентлагийн мэдээлснээр, Карим Абу Нассар гэгч бяцхан хүү гуравдугаар сарын 21-нд Газын төв хэсэгт орших Аль-Магази дүрвэгсдийн хуарангийн ойролцоо аав Осама Абу Нассартайгаа хамт явж байхад нь Израилийн Батлан ​​​​хамгаалах хүчнийхэн тэдэн рүү гал нээжээ. “Palestine TV” болон гэрчүүдийн мэдээлснээр, израиль цэргүүд Осама Абу Нассарын хүүхдээ газар тавиад ойролцоох цэргийн шалган нэвтрүүлэх цэг рүү очихыг тушаасан. Дараа нь тэнд түүнийг нүцгэлж, нэгжжээ. Дараа нь цэргүүд хүүхдийг аавынх нь нүдэн дээр тамлан зовоож, түүнээс хийгээгүй хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхийг албадсан гэж мэдээлж байна.

Палестины сэтгүүлч Осама Аль-Кахлут хожим хүүхдийн ээжтэй ярилцлага хийсэн. Эл үеэр ээж нь хүүгийнхээ шархыг үзүүлсэн бөгөөд хөлд нь хадаас зоож, тамхины цогоор түлсэн шархнууд байв.

“TRT World”-ийн иш татсан эмнэлгийн дүгнэлтээр хүүхэд тамхины цогт түлэгдэж, хөлдөө хадааснаас болж цооролттой шарх авсан байна. Хүүхдийг Израилийн цагдан хорих байранд 10 цаг саатуулсны дараа Олон улсын Улаан загалмайн хороогоор дамжуулан хамаатан саданд нь хүлээлгэн өгсөн гэж мэдээлж байна. Харин аав нь болох Осама Абу Нассар Израилийн цагдан хорих байранд хэвээр байна.

Энэ хэрэг хүний ​​эрхийн бүлэг, идэвхтнүүд болон улс төрчдийн зүгээс шүүмжлэл дагуулж, өргөн хүрээтэй дургүйцлийг төрүүлэв. Саяхан Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Франческа Албанез мэдэгдэл хийхдээ, палестинчуудын эсрэг Израиль бие махбодын болон сэтгэцийн эрүү шүүлтийг системтэйгээр ашиглаж байгаа талаар дэлгэрэнгүй тайлан гаргасан болохыг онцолжээ. Мөн уг явдлын талаарх мэдээллийн хуваалцаж, X дээр “Ямар завхарсан гэмт хэрэгтнүүд эцгийг нь гүтгэх гэж нялх хүүхдийг тамладаг юм бэ” гэж бичжээ.

Америкийн Исламын харилцааны зөвлөл (CAIR) мэдэгдэлдээ уг явдлыг “Конгрессоос яаралтай арга хэмжээ авахыг шаардах ёстой ёс суртахууны доромжлол” гэж нэрлэжээ. “Дэлхийн хаана ч хүүхэд ийм харгислалд өртөх ёсгүй, ялангуяа Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр. Эдгээр үйлдэл нь олон улсын хууль тогтоомж, хүний ​​​​үндсэн ёс суртахууныг ноцтой зөрчиж байна” гэж “ICAR” мэдэгдэв. “Манай үндэстэн эдгээр гэмт хэрэгт оролцохоо зогсоох ёстой. Конгресс Америкийн татвар төлөгчдийн мөнгийг илүү олон хүүхдийг эрүүдэн шүүх, нядалгаанд ашиглахгүй байхыг баталгаажуулах үүрэгтэй. Ухамсартай хууль тогтоогч бүр хяналтаас гарсан Израилийн дэглэмд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоохын тулд санал өгөх ёстой” гэж нэмж онцлон тэмдэглэсэн байна.

Энэ явдлын талаарх мэдээллийг хуваалцаж буй Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф “X” дээрх нийтлэлдээ “Иран хүн төрөлхтний төлөө тэмцэж байна. Дэлхий ертөнц Газын зурвастай хамт байж, энэхүү колоничлолын терроризмын дэглэмийн эсрэг зогсох хэрэгтэй. Эсвэл Эпштейн анги болон хүүхдийг тамлан зовоогчдыг дэмжиж байгаа. Дунд нь байна гэж байхгүй” гэж бичжээ..

Саяхан нийтлэгдсэн НҮБ-ын “Эрүү шүүлт ба геноцид” нэртэй тайланд дурдсанаар, Израилийн мэдэлд цагдан хоригдож буй палестинчууд 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш “онцгой харгис бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж байна” гэж дүгнэжээ.

Энэхүү тайланд дор хаяж 300 гэрчийн мэдүүлэг зэрэг бичгээр ирүүлсэн материал орсон.  2023 оны аравдугаар сараас хойш эзлэгдсэн нутаг дэвсгэрт палестинчуудыг баривчлах явдал “огцом нэмэгдэж”, 18,500 гаруй хүнийг саатуулсан бөгөөд тэдний дотор дор хаяж 1,500 хүүхэд багтжээ. Тайланд мөн 9,000 орчим палестин хүн цагдан хоригдож байгаа бол “4,000 гаруй хүн алга болсон” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн