ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 28-нд ярилцлага өгөхдөө Украины эсрэг дайнаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн энхийн хэлэлцээрт хүрэх нэг алхам болгон алсын тусгалтай пуужингийн хэрэглээг харилцан хязгаарлах Украины саналыг няцаажээ. Украин ийм санал тавьсан нь фронтын шугам дагуу хүнд байдалд орсонтой нь холбоотой гэж Путин үзэж байна.
Тэрбээр “Оросын армийн Украины нутаг дэвсгэрийн гүнд өгч буй хариу цохилтууд илүү хүчтэй, нөлөөтэй, үнэнийг хэлэхэд илүү их сүйрэл дагуулж байгаа учраас тэд ийм санал гаргаж байгаа нь ойлгомжтой. Хүн хүчний хомсдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн тул Украины зэвсэгт хүчин энэ алхмыг аврал гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ тэднийг аврах нь бидний төлөвлөгөөний нэг хэсэг биш” гэжээ.
Мөн сүүлийн саруудад Украины дроны довтолгоо Оросын газрын тосны салбарыг эрчимтэй онилж байгаа учир Москва агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болсон гэдгийг Путин хүлээн зөвшөөрсөн байна.
ТУЛААНЫ ТАЛБАРТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?
Путины мэдэгдэлтэй зэрэгцээд Украины арми Оросын эсрэг довтолгоогоо улам эрчимжүүлсээр байна. Украины арми алсын тусгалт дроноор Оросын Славянск болон Ярославлийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөн гэж Зеленский хэд хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Эдгээр үйлдвэр нь фронтын шугамаас 300 болон 700 километрийн зайд байрладаг.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Краснодарын хязгаарын Славянск-на-Кубань хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан байна.
Энэ мэт довтолгоо болгон нь Оросын дайны машины хүчийг сулруулж байгааг Зеленский “Х” хаягаараа мэдэгдсэн юм.
Украины арми сүүлийн долоо хоногуудад Оросын эрчим хүчний байгууламжуудыг идэвхийлэн онилж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь газрын тосны үйлдвэрүүдэд өгч буй цохилтууд юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Украин алсын тусгалт дроноор Крымийн Керч болон Краснодар дахь газрын тосны хоёр байгууламжид цохилт өгсөн. ОХУ эдгээр байгууламжаас фронт руу түлш нийлүүлдэг байжээ. Мөн цахилгаан станцуудыг онилсны улмаас Крымд түлшний борлуулалтыг түр зогсооход хүрсэн байна.
Москвагийн зүүн хойд хэсэгт орших Ярославль мужийн захирагч Михаил Евраевийн хэлснээр дроны довтолгооны улмаас хотын орох, гарах гарцыг түр хаажээ.
ПУТИН ЯАГААД УКРАИНЫ САНАЛД ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГӨВ?
ОХУ-ын эрчим хүчний салбар Украины дроны довтолгооноос болж ихээхэн хохирол амсаад буй ч Путин алсын тусгалтай пуужингийн хэрэглээг харилцан хязгаарлах саналаас татгалзав. Тэрбээр сүүлд өгсөн ярилцлагадаа Украины довтолгоонуудын нөлөөг багасган тайлбарлажээ.
Тэрбээр “Манай аль ч дэд бүтцэд цохилт өгсөн бай энэ нь фронтын шугам дахь нөхцөл байдалд огт нөлөөлөхгүй. Тэд эрчим хүчний хангамжийг тасалдуулж, аялал жуулчлалын улиралд нөлөөлөхийг оролдож байна. Энэ санаархлаа ч янз бүрийн сувгаар ил тод илэрхийлсэн. Одоо бидний хийх ёстой ажил бол нэн шаардлагатай байгаа агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн үйлдвэрлэлийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх явдал” гэжээ.
Дайны шинжээч Иан Лессерийн хэлснээр алсын тусгалтай цохилт өгөх чадвараараа Оросын арми Украинаас хамаагүй давуу байна. Тиймээс Путин энэ давуу талаа хадгалж, буулт хийхийг хүсэхгүй байгаа нь гайхах зүйл биш аж. Украины арми Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү цохилт өгөх нь ихэссэн тул Путин алсын тусгалтай системээ саатуулах хүчин зүйл гэж үзэх нь гарцаагүй.
Түүнчлэн Путин алсын тусгалт пуужингийн хэрэглээг хязгаарлах саналыг няцаасан нь одоогийн нөхцөлд дайныг зогсоох эсвэл хязгаарлах талаар бодитой хэлэлцээ хийх хүсэлгүй байгаагийн бас нэг илрэл юм.
Путин 2024 оны есдүгээр сард “Барууны орнууд Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалт зэвсгийг нь ашиглах зөвшөөрлийг Украинд өгвөл НАТО бидэнтэй дайн зарласантай ижил” гэж анхааруулж байв.
Тэрбээр “Энэ нь мөргөлдөөний мөн чанарыг үндсээр нь өөрчилнө. Өөрөөр хэлбэл, энэ нь НАТО-гийн орнууд, АНУ, Европын орнууд Оростой дайтаж байна гэсэн үг” гэжээ.
Гэвч Путины анхааруулгыг үл харгалзан АНУ болон НАТО өөрсдийнх нь нийлүүлсэн алсын тусгалт пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрлийг Украинд олгосон юм. Украин алсын тусгалт пуужин ашиглаж эхэлсэн ч Орос НАТО-д дайн зарлаагүйг энд онцлох хэрэгтэй.
ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ ЯМАР ШАТАНД ЯВЖ БАЙНА ВЭ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сард хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхдээ л Орос, Украины дайныг дуусгана гэж амласан. Энэхүү амлалтаа биелүүлэх хүчин чармайлтын хүрээнд тэрбээр Путин, Зеленский нарын хэн хэнтэй нь уулзсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болсон зүйл алга.
Харин Их Британи, Франц, Герман, Польшийн удирдагчид өнгөрсөн тавдугаар сард Киевт Зеленскийтэй уулзан эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэвч Европын удирдагчид ямар нэг байдлаар эвлэрлийн хэлэлцээнд оролцохыг Путин эрс эсэргүүцсээр ирсэн юм. Тэрбээр “Дайтагч талд шууд тусалж байгаа улс орнууд яаж зуучлагч байж чадах юм бэ” гэжээ.
Энхийн хэлэлцээний шаардлага болгон ОХУ Украин дахь эзэлсэн газар нутгаа өөртөө хадгалж үлдэхийг хүсч буй. Гэтэл Украин нэг сөөм ч газар нутгаа алдахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм. Иймд ялгаатай байр сууриас болж энхийн хэлэлцээ бараг зогсонги байдалтай байна.