Их Британи: Бид зөвхөн жаргах цагт гарч ирдэг найз биш

Их Британийн шинэ ерөнхий сайд Энди Бёрнхэм өнгөрсөн сарын 20-нд албан тушаалаа хүлээн авсан. Тэрбээр анхны гадаад айлчлалаараа Украины нийслэл Киевт хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлалаараа тэр Их Британи улс Украиныг дэмжсээр байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Украины тусгаар тогтнолын өдрийг хүндэтгэжээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Их Британи, Францын хамтран байгуулсан сайн дурын эвслийн хурлыг даргална. Мөн Украиныг дэмжсэний төлөө Их Британид олгож буй шагналыг ард иргэдийнхээ өмнөөс хүлээн авах юм.

Бёрнхэм айлчлалын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Тусгаар тогтнолынхоо 35 жилийн ойгоор Украины ард түмэн юунд ч эргэлзэх ёсгүй. Их Британи та нарын ард өнөөдөр ч, цаашид ч байсаар байх болно. Их британичуудын Украины төлөө хийсэн бүхнээр би бахархаж байна. Бидний дэмжлэг гуйвшгүй гэдгийг Украины ард түмэн миний амнаас шууд сонсоосой гэж би хүсч байна. Эцсийн эцэст Украины аюулгүй байдал гэдэг бидний л аюулгүй байдал. Манай хоёр улсын нөхөрлөл Оросын хууль бус дайнаас хавьгүй удаан үргэлжлэх болно. Орос ч бидний шийдэмгий байдалд эргэлзэх ёсгүй. Шударга бөгөөд урт удаан үргэлжлэх энх тайван тогтоогүй цагт бид ухрахгүй” гэжээ.

Украины арми Оросын дэд бүтцэд цохилт өгөхдөө Их Британид үйлдвэрлэсэн дронуудыг ашигласан тухай Москва Бёрнхэмийн айлчлалын өмнөхөн анхааруулж байсан билээ. Их Британи дахь Оросын Элчин сайдын яам мэдэгдэлдээ “Их Британи хямралыг санаатайгаар хурцатгаж байна. Мөргөлдөөнд хэдий чинээ гүнзгий оролцоно, төдий чиний төлөөс нь өндөр байх болно” гэсэн юм.

Үүний хариуд Энди Бёрнхэм “Бид зөвхөн жаргах цагт гарч ирдэг найз нөхөр биш. Украинд хамгийн их тусламж хэрэгтэй үед нь бид байсаар байх болно, цаашид ч өөрчлөгдөхгүй” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн