Токиогийн дүүргийн шүүх Пёньяныг 10 гаруй жилийн өмнө хуурамч сурталчилгаа явуулсан хэрэгт буруутгаж, 88 сая иен буюу 570 мянган ам.доллар төлөхийг шаардаж байна. Нэхэмжлэгчдийн хэлснээр, Хойд Солонгос улс өөрсдийгөө дэлхий дээрх диваажин гэж тодорхойлж, худал суртал ухуулга тараасны улмаас хууртагдсан гэж мэдүүлжээ. Улмаар тус улсад очоод хүнд нөхцөл байдалд орж, албадан хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд зугтаж чадсанаараа амьд үлдсэн гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ Токио хотын Даваа гаригт (2026.01.26) зарласан шийдвэр нь хэрэгжих нь тодорхойгүй, бэлгэдлийн чанартай гэгдэж байна. Учир нь Хойд Солонгос улсад шууд хүч хэрэглэх боломжгүй мөн тус улсын удирдлага удаан хугацаанд Японы ямар ч шүүх байгууллагат хариу өгч байгаагүй. Гэсэн хэдий ч Японы шүүх дээр олон жилийн турш үргэлжилсэн хууль эрх зүйн маргааны дараа гарсан дээрх шийдвэрийг нэхэмжлэгчдийн өмгөөлөгч “түүхэн” гэж нэрлэжээ.
Өмгөөлөгч Ацуши Шираки хэлэхдээ, энэ нь “Японы шүүх Хойд Солонгосын эсрэг өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, түүний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол” гэжээ.
Японы 90 мянга гаруй Солонгос үндэстэн болох Зайничи солонгосчууд 1959-1984 оны хооронд Хойд Солонгос руу үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, ажлын байр бүхий амьдралыг амласны үндсэн дээр нүүсэн байна. Гэвч Пёньяны амлалт нь эрх чөлөөгөө хасуулж, ферм, үйлдвэрт хүчээр ажиллах, явах эрхийг нь хязгаарласан суртал ухаалга байсан гэж амьд гарсан хүмүүс тодорхойлсон юм. Токио хотын шүүхэд нэхэмжлэл гаргагчдын нэг Эико Кавасаки 17 настайдаа буюу 1960 онд Хойд Солонгос руу нүүсэн байна. Хожим тэрбээр 2003 онд Японд зугтаж ирсэн бөгөөд одоо 83 настай. Тэрбээр бусад амьд гарсан хүмүүсийн хамт Японы шүүхэд удаа дараа хандсан. Хамгийн сүүлд 2022 онд шүүхэд хандсан ч тухайн үед Японы шүүх эрх мэдэл хязгаарлагдмал гэх шалтгаанаар нэхэмжлэл нь буцаагдсан байна.
Гэвч 2023 онд Токиогийн Дээд шүүх уг хэргийг Японы харьяалалд хамааруулж, Хойд Солонгос нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
“Тэдний ихэнх амьдрал Хойд Солонгосын улмаас сүйрсэн гэж хэлэх нь хэтрүүлэг биш” гэж шүүгч Тайичи Камино Даваа гаригт Токиогийн дүүргийн шүүхэд гаргасан шийдвэрийн үеэр мэдэгджээ. Нэхэмжлэгчдийн өөр нэг өмгөөлөгч Кенжи Фукуда уг шийдвэрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн боловч Хойд Солонгосоос ямар нэгэн мөнгө авах нь “сорилт” болно гэж мэдэгдэв.