Африкийн өмнөд бүс нутагт үерийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн орон гэрээ орхин одоход хүргэжээ. Тусламжийн ажилтнууд нөхцөл байдал хүнд байгааг мэдэгдэж, өлсгөлөн, өвчин болон үерийн усанд түлхэгдэн оршин суугчдын бүсэд орж ирсэн аюултай амьтдаас сэрэмжлүүлж байна. Хамгийн их хохирол амссан Зимбабве улсад 70 гаруй хүн нас барсан бол Өмнөд Африкт дор хаяж 30 хүн нас баржээ. Мозамбик улсад 13 хүн нас барж, тэдний гурван нь матарт идүүлж, амиа алдсан байна. Өмнөд Африкт хүчтэй бороо орсны улмаас Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үер болж, энэ сарын эхээр олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн.
Мозамбикт Лимпопо гол болон бусад гол мөрөн үерлэсний улмаас матрууд шинэ бүс нутагт орж ирсэн гэж албаныхан мэдэгджээ.
Эдгээр матрууд Өмнөд Африкаас урсаж ирсэн үерийн усаар дамжин ирсэн байж болзошгүй аж. Улмаар иргэдийг тогтсон ус руу ойртохгүй байхыг анхааруулж байна. Учир нь матрууд эдгээр усанд хөвж байж болзошгүй. Мапуто мужид нэг хүн, Газа мужид хоёр хүн матрын дайралтад өртөн нас барсан байна. Мөн албаныхны мэдээлснээр, Мозамбикт болсон үер нь 2000 оноос хойших хамгийн ноцтой үер бөгөөд тухайн үед 700 орчим хүн амиа алдаж байжээ. Одоогоор 400 мянга орчим хүн орон гэргүй болсон бөгөөд олон хүнийг нисдэг тэргээр мод, байшингийн дээврээс аварсан байна. Хэдийгээр хэд хоног бороо ороогүй ч Өмнөд Африкаас үерийн ус үргэлжлэн орж ирж байгаа тул зарим бүс нутагт усны түвшин өндөр хэвээр байна.

Асар их газар нутаг усанд автсан хэвээр байгаа бөгөөд Мозамбикийг хойд, урд чиглэлд холбодог N1 хурдны зам хаалттай байна.
Бараг 100 мянга гаруй хүнийг байрлуулж буй түр хуаранд холера болон уснаас үүдэлтэй бусад өвчин тархах эрсдэлтэй байгааг тусламжийн байгууллагууд анхааруулжээ.
Олон хуаран ариун цэврийн байгууламж, хог хаягдлын зохицуулалт муу байна. Үерийн улмаас 60 мянган гектар тариалангийн талбай сүйдэж, 58 мянга гаруй мал хорогдсон нь хүнсний хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тусламжийн байгууллагуудын хэлснээр, яаралтай тусламжийн санхүүжилт урьдынхаас удааширч, олгож буй мөнгөний хэмжээ багассан байна. Учир нь олон өндөр хөгжилтэй орон сүүлийн жилүүдэд гадаад тусламжийн төсвөө танаж, батлан хамгаалалтад илүү их мөнгө зарцуулж буй. Өмнөд Африкийн засгийн газар Крюгерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сэргээх сан байгуулж, дотоод болон олон улсын хандив цуглуулж эхлээд байна. Байгаль орчны сайд Вилли Аукампын мэдээлснээр, эвдэрсэн зам, гүүр зэрэг дэд бүтцийг засахад 42 сая ам.доллар шаардлагатай байж магадгүй аж.