Японы компани Украинд мина илрүүлэгч дрон туршжээ

Японы нэгэн компани Украинд агаараас мина илрүүлэх зориулалттай дроноо туршжээ. Энэ нь Оросын хүчний байрлуулсан минуудыг цэвэрлэх ажил Украинд  томоохон сорилт хэвээр байгаатай холбоотой юм. Украины Онцгой байдлын албаны тооцоолсноор, тус улсын 130 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутагт мина, дэлбэрээгүй сум, зэвсэг болон бусад тэсрэх бодис бий аж.

Тодруулбал, “Prodrone” компани Украины компаниудтай хамтран мина илрүүлэх дрон хөгжүүлж байна. Тус компани НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд анхны туршилтаа Даваа гаригт /2026.05.25/ Киев хотод хийжээ.

Туршилтын үеэр өмнө нь цуглуулсан гэж тайлбарласан минуудыг ашигласан. Заримыг нь газрын гадаргуу дээр байрлуулсан бол бусдыг нь ойролцоогоор 15 сантиметрийн гүнд булсан байна.

Металл илрүүлэгч төхөөрөмж суурилуулсан дроныг 30 сантиметрийн нам өндөрт нисгэж, ажиллагааг нь шалгажээ. Минууд хүмүүсийн хэвийн амьдралд саад болж байгааг компанийн нэгэн албан тушаалтан онцолсон. Мөн тэдний технологи дайны үед мина илрүүлэх асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж найдаж байгаагаа хэлжээ. Украинд мина цэвэрлэх ажиллагаанд дрон ашиглах шаардлага нэмэгдэж байна. Тус улсын Батлан хамгаалах яам энэ сарын эхээр ийм төрлийн ажиллагаанд зориулан мэргэжилтнүүдийг сургаж байгаа талаар мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн