БЕРЛИН, 2026 оны тавдугаар сарын 27 /DW/. Сугалааны тасалбар худалдан авсан Чех улсын иргэд болох нэг хүн эсвэл хэд хэдэн хүн Eurojackpot сугалаанаас 120 сая евро хожсон тухай сугалааг зохион байгуулсан Westlotto компани өчигдөр орой мэдээллээ.
Мөн ХБНГУ-ын Хойд Рейн-Вестфалиа мужийн нэг иргэн, Саксони мужийн хоёр иргэн, Тюринген мужийн нэг иргэн тус бүр 4 сая евро хожсон байна. Түүнчлэн Норвегийн нэг иргэн ийм хэмжээний мөнгө хожжээ. Гэхдээ эдгээр хонжвор нэг хүнд таарсан уу эсвэл сугалааны тасалбарыг хамтдаа худалдан авсан хэсэг хүмүүст таарсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Eurojackpot сугалаанаас хамгийн их мөнгө хожихын тул 1-ээс 50 хүртэлх тооноос 5 тоог, 1-ээс 12 хүртэлх тооноос нэмэлт 2 тоог таасан байх ёстой. Энэ удаагийн тохирлоор 5, 11, 23, 33, 42 ба нэмэлтээр 10 ба 12 гэсэн тоонууд таарсан байна. Өмнөх 13 дахь тохирлоор нэг ч хүн эдгээр 7 тоог тааж чадаагүй тул сугалааны хонжворын хэмжээ нэмэгдсээр 120 сая еврод хүрчээ.
Энэ онд 8 удаа жекпот хожсон тохиолдол гарсан байна. Дөрөвдүгээр сарын эхээр Финланд, Словакийн оролцогчид бүх тоог тааж азтанууд болж, тус бүр 5 сая евро хожжээ. Мөн гуравдугаар сарын 31-нд Хойд Рейн-Вестфалиа мужийн нэгэн оршин суугч бүх тоог тааснаар 70.7 сая евро хожсон байна.
Герман улсад сугалаанд хожсон мөнгөнд татвар ногдуулдаггүй ажээ. Eurojackpot-ийн бүх тоог таах магадлал 140 саяд 1 байдаг гэнэ.