НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 15 /TASS/. АНУ-ын Массачусетс муж улсын Холбооны тойргийн шүүх гадаадын сэтгүүлч, оюутан болон солилцооны хөтөлбөрөөр тус улсад зорчиж буй хүмүүст виз олгохтой холбоотой шинэ журмыг шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл хэрэгжүүлэхийг түр зогсоожээ.
Уг хэргийг дээд боловсрол, цагаачлалын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг, 600 орчим коллеж, их сургуулийг нэгтгэсэн ашгийн бус “The Presidents Alliance on Higher Education and Immigration” байгууллага нэхэмжилсэн бол хариуцагчаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамыг татсан байна.
“Нэхэмжлэгчдийн гаргасан хүсэлтийг эцсийн журам хүчин төгөлдөр болох өдрийг хойшлуулах тухай хэсэгт нь хангаж байна” гэж шүүгч Деннис Сэйлорын шийдвэрт дурджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам гадаадын сэтгүүлч, оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчиж буй хүмүүст виз олгох журмыг өөрчлөхөөр шийдвэрлэснээ долоодугаар мэдэгдсэн юм. Энэхүү өөрчлөлтөд тэдний тус улсад байх хугацааг 240 хоногоор хязгаарлахаар тусгасан бөгөөд БНХАУ-ын иргэдийн хувьд энэ хугацааг 90 хоног болгохоор санал болгожээ.
